Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед бидэнд гадны хөрөнгө оруулалт хамгийн чухал байна. Өнөөдөр бидэнд Оюутолгойгоос өөр нэрлэчих гадны томоохон хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл алга. Харин ач холбогдол, хөрөнгө оруулалтын хэмжээ, эрэмбийн хувьд Оюутолгойн дараа бичигдэх нэг том төсөл нь Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордод хэрэгжүүлэх ураны төсөл юм.
ВИДЕО:
-БУРМАА НЬ УРАНЫ ЭСРЭГ МОНГОЛЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНД САЯХНААС НЭГДСЭН БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, Н.УЧРАЛ НАРЫГ Л ШҮҮМЖИЛДЭГ БАЙНА-
Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ихэнх хүмүүс нэрээ хичээж байхад "Ураны эсрэг монголчууд" хөдөлгөөнийхөн гэх цөөн хүн гадны хөрөнгө оруулагчийн эрх чөлөөнд халдах хүртэл үйлдлийг өнгөрсөн өдрүүдэд гаргалаа. Тодруулбал, энэ сарын 21-нд /2025.04.21/ ураны төслийг Монголтой хамтран хэрэгжүүлэх Францын “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед нэгэн үл таних эмэгтэй халдсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгөөд байгаа юм.
Тэгвэл Марк Мелеардын биед халдсан эмэгтэйг хэн бэ гэдгийг олон нийт сонирхсон бөгөөд бид энэ талаар зарим мэдээллийг цуглуулахад, түүний нэрийг н.Бурмаа гэдэг байна. Тэрбээр жагсаал цуглаанд тэр бүр оролцоод байдаггүй өөрөөр хэлбэл тэмцэгч нэртэй олны танил нэгэн биш аж.
Эсрэгээрээ хэд хоногийн өмнөөс "Ураны эсрэг монголчууд" хөдөлгөөнийхөнтэй гэнэт л нэгдэж, Сүхбаатарын талбай болон бусад нэр бүхий обьектын гадна сууж ураныг эсэргүүцэх иргэдийн гарын үсгийг цуглуулах ажилд оролцож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр гэнэт гарч ирэгч бөгөөд Э.Цэрэн зэрэг хүмүүс түүнийг танихгүй, магадгүй зорилготойгоор өөрсдийнх нь дунд “шургуулсан” байж болзошгүй талаар ярьжээ.
Тодруулбал, тэрбээр энэ сарын 21-ний өдөр өөрийн Tseren Enebish цахим хаягаараа шууд дамжуулалт хийхдээ “Сарантуяа эгч яах гэж тэр хүмүүсийг авчирч байгаа юм. Тэнд Хундаганай гуайг би таньж байна. Харин бусдыг нь сайн танихгүй байна. Бид "Бадрах Энержи" ХХК Монголоос гарах ёстой гэдэг саналд нэгдсэн байсан. "Бадрах Энержи" ХХК найрсаг хүлээж аваад, дүрстэй танилцуулга өгөх гэсэн ч бид хүлээж аваагүй. Харамсалтай нь эхний найман хүн ирсний араас гэнэт шинэ хүмүүс нэмэгдсэн. Би бодлоо. Ер нь манайхан юмыг нь дотроос нь ингэж самардаг юм байна. Тухайлбал, лам залуу чимээгүй байх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан ч хойноос орилоод байсан. Бусад нь ч орилоод байсан. Уг нь бид тийм зүйл тохироогүй байсан. Би одоо л ойлгож байна л даа" гэжээ. Тэгэхээр ураны төслийг эсэргүүцэгч энэ чиглэлд хамгийн идэвхтэй ажиллаж буй Э.Цэрэн Бурмаа гэх эмэгтэйг танихгүй гэдгээ үүгээр баталжээ.
-БУРМАА НЬ МАРК МЕЛЕАРДЫН БИЕД ХАЛДСАНЫХАА ДАРАА УЛААНБААТАРААС ГАРСАН БӨГӨӨД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ТҮҮНЭЭС ТАЙЛБАР МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ БАЙНА -
Тэгвэл нөгөө талд н.Бурмаа нь өнгөрсөн хугацаанд "Сэтгүүлч Б.Отгон" гэх хаягаар нэг л удаа олон нийтэд нээлттэйгээр байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэр богино хугацаандаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарыг л буруутгажээ.
Тодруулбал тэрбээр “Ураны төслийг олон нийт эсэргүүцээд байхад У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар улайраад бүр хоёр засаг хамтарч байгаад хэрэгжүүлэх гэж буй нь үнэхээр хууль зөрчсөн, иргэдийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа. Улаанбадрахад ямар үйл явдал процесс болж байна. Тэнд ард иргэд, байгаль экологи сүйрч байна. Гөрөөсний амнаас хөөс сахраад унаж байна. Тэнд найман худаг хордож, амьтны аймаг устаж хорхой шавж түй ч байхгүй болсон гэдгийг ойлгоорой. У.Хүрэлсүх, Н.Учрал нар газар дээр нь очиж ажилла. Ард иргэд бүр цөхөрч байна” зэргээр ярьж уйлжээ.
Энэ бүх үйл явдлын төгсгөлд түүнийг гэнэт гарч ирсэн, гарч ирээд зөвхөн У.Хүрэлсүх, Н.Учрал нарыг л буруутган, үг хэлээр доромжилж байгаа магадгүй зохион байгуулалттайгаар уран эсэргүүцэгчид дунд оруулсан гэх мэдээлэл байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсаныхаа дараа шууд Улаанбаатараас гарч хөдөө явсан байна. Цагдаагийн байгууллагаас түүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгч буй ч нэг ч удаа мэдүүлэг, тайлбар аваагүй байж болзошгүй байна. Тэгэхээр тэр энэ үйл ажиллагаанд бусдаас давуу эрхтэй оролцож байгаа юу түүнд энэ эрх мэдлийг хэн өгсөн бэ.