Итали улс хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх үйлчилгээний газруудыг хаалаа

Итали улс хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх үйлчилгээний газруудыг хаалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн корона вирусийн дэгдэлтийг “цар тахал” гэж зарласны дараа Итали улс хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх дэлгүүрийг хаах шийдвэр гаргажээ.

Ингэснээр тус улс Европын улсууд дотроо хамгийн хатуу чанд арга хэмжээг хэрэгжүүлж байгаа улс болоод байна. Тус улсад вирусийн халдварын тархалт огт буурахгүй байгаа нь эрх баригчдын шийдвэрт нөлөөлж байгаа юм. Ерөнхий сайд Жузеппе Контегийн хэлснээр ресторан баар, үсчинг мөн хаах аж. 

ДЭМБ-ын тэргүүн доктор Тедрос вирусийг цар тахал гэж хүлээн зөвшөөрсөн мэдэгдэлдээ “БНХАУ-аас өөр улсад гарсан халдварын тохиолдол хоёр долоо хоногийн дотор 13 дахин нэмэгдсэн” болохыг онцолжээ. Вирустэй тэмцэх ажилд тодорхой ахиц гарахгүй байгаад сэтгэл түгшиж байгаагаа тэрээр мөн онцолсон байна.  ДЭМБ-ын мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ үргэлжлэн унасан байна.

Ж.Контегийн хэлснээр, шийдвэр өнөөдрөөс хэрэгжих бөгөөд хоёр долоо хоногийн турш үргэлжлэх юм байна. Тус улс үүнээс өмнө цэцэрлэг сургууль, спорт заал, музей, шөнийн клуб гэх мэт байгууллагуудыг орон даяар хаагаад байсан юм.  

Лхагва гарагийн орой Ромын төв гудамжууд эзэнгүй юм шиг болж, нийтийн тээврээр зорчих автобус бараг хоосорсон байдалтай болжээ.

"Би одоо Ромыг танихаа больж байна" гэж 30 настай Москвагийн иргэн Екатерина Ромын “Trevi” хэмээх усан оргилуур дээр ганцаараа зураг зурж байхдаа хэлжээ.

Хамгийн сүүлийн шийдвэрийн дагуу галт тэрэг, хотын нийтийн тээврийн хэрэгслүүд, сантехникч, механик, шатахуун түгээх станц зэрэг зайлшгүй үйлчилгээ үзүүлэх болно.

Ийм арга хэмжээ нь Италийн эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа бөгөөд Конте компаниуд болон гэр бүлийг дэмжих, вирусийн нөлөөг зөөлрүүлэх зорилгоор 25 тэрбум евро буюу 28.3 тэрбум долларыг урьдчилж зарласан.

Ахмад настнууд вирусын эсрэг маш их өртөмтгий байдаг бөгөөд Итали нь Европ дахь хамгийн их өндөр настан төвлөрсөн улс бөгөөд, 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн дөрөвний нэг нь байдаг.

“Ixe” агентлагийн хийсэн санал асуулгаас харахад италичуудын 89 хувь нь засаг захиргааныхаа хатуу арга хэмжээг дэмжиж байсан бол 78 хувь нь бүр илүү хатуу алхамыг дэмжинэ гэж мэдэгджээ.

Хүмүүс бие биенээсээ дор хаяж нэг метр (гурван фут) зайтай байхыг шаардаж, гар барихыг нь хоригложээ.

Итали улсад одоогоор 60 сая гаруй хүн гэрийн хорионд байна.

Эх сурвалж: Business Insider