Хугацаат цэргийн алба хаагч анги байрлалаа оргиж, зугтсан хэрэг Дорноговь аймагт саяхан гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн дугаар ангиас байлдагч энгийн хувцастай оргосон хэрэг энэ сарын 01 /2024.11.01/-ний өдөр гарсан байна.
Иймд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, анги байрлалаа орхиж явсан цэргийн алба хаагчийг илрүүлжээ. Өдгөө тус асуудлыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Цэргийн албанаас оргон зайлах нь эрүүгийн ялтай гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, "Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг байна.
Ташрамд өгүүлэхэд, Хилийн 0108 дугаар анги нь 1926 онд анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, сая саяар тоологдох зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй их хэмжээний бодит хохирлоос урьдчилан сэргийлж байжээ.