Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ сарын 7-ны өдөр болох сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон бусад мэргэжлийн байгууллагуудаас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч н.Зоригт хүргүүллээ.
Энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, “Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс 2024 оны долдугаар сарын 19-нд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр бүхий дөрвөн иргэн нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл түгээсэн мэдээллийг олон нийтэд тараасан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн, өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглан задруулсан, татвар төлөхөөс зайсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд нуусан гэх мэт нийт дөрвөн хэрэгт гэм буруутайд тооцож дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон. Шүүхээс Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хэлэлцэхдээ төрийн нууцад хамаарах бичиг баримтыг хэлэлцэх тул шүүх хурлыг бүхэлд нь хаалттай горимоор хэлэлцэхээр тогтсон. Харин хэвлэл мэдээллийн байгууллага болон өмгөөлөгч нарын зүгээс төрийн нууцад хамаарахаас бусад хэргийг нээлттэй хэлэлцэх боломжтой хэмээн үзэж байгаа. Иймд
- Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхдээ төрийн нууцад хамаарахаас бусад хэргийг хэсэгчлэн нээлттэй явуулах,
- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээс шүүх хуралд ажиглагчаар оролцуулах,
- Хэсэгчлэн нээлттэй хийх шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулах хүсэлтийг гаргасан" гэлээ.