ШУУРХАЙ: ХААИС-ийн оюутан гэрээслэл бичээд амиа егүүтгэсэн байж болзошгүй дотуур байрандаа нас барсан байдалтай олджээ

ШУУРХАЙ: ХААИС-ийн оюутан гэрээслэл бичээд амиа егүүтгэсэн байж болзошгүй дотуур байрандаа нас барсан байдалтай олджээ

Сүүлийн жилүүдэд цахим орчны хэрэглээ, нийгмийн стресс бухимдал эрс нэмэгдэж, энэ хэрээрээ иргэд сэтгэл зүйн хямралд өртөж, эрүүл мэнд, амь насандаа эрсдэл учруулж тохиолдол ихээр гарах болсныг мэргэжлийн хүмүүс хэлж, зөвлөсөөр байгаа.

Саяхан гэхэд Дундговийн Өлзийт сумын АН-ын хэрүүлийн дараа ИТХ-д сонгогдсон Г нь зурвас үлдээгээд амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр 22 настай, эмэгтэй оюутан мөн зурвас үлдээгээд амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, ХААИС-ийн гуравдугаар курсийн оюутан зурвас бичээд амиа егүүтгэсэн байж болзошгүйгээр дотуур байрандаа нас барсан байдалтай олдсон гэдгийг албан бус эх сурвалж бидэнд мэдээллээ. Хамт суралцаж байсан болон дотуур байранд амьдарч байсан оюутнууд нь сэтгэл зүйн хувьд хүнд цочролд орсон байгаа аж. Өдгөө тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. 

Ташрамд өгүүлэхэд, Амиа хорлох төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учир өсвөр үе болон залуучуудын сэтгэл зүй, зан байдал, амьдарч буй орчин, гэр бүлийн харилцаанд илүү анхаарал хандуулж, хүүхэд хамгаалал, залуучууд, гэр бүлийн тухай зэрэг холбогдох хууль, тогтоомж, хөтөлбөрүүдэд амиа хорлохоос хамгаалах талаар тодорхой тусгаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийг мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр бүрэн ханган, өсвөр үе, хүүхдүүдэд зөвлөгөө, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолж энэхүү мэдээллийг бэлтгэлээ.