Хилс хэрэгт гүтгэгдэж 15 жилийн дараа цагаадсан З.Гантулга гэх иргэнтэй Эргэлт.мн мэдээллийн сайтад ярилцсан нь олны анхаарал татсан. Тиймээс ч хууль хяналтын байгууллага иргэдийг энэ мэтээр хохироодог уу гэх асуулт хариултаа нэхэж эхлээд байна. Тиймээс ч бид тухайн иргэнд холбогдох хэргийг хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж, шүүсэн. Тэрбээр 15 жил хоригдсон уу гэх зэрэг асуултын хариултыг хайлаа.
Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах комбинатын зүүн хойд талын үерийн сувагт 2005 оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Б.Б нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан байдаг.
Тухайн хэрэгт иргэн З.Гантулгыг яллагдагчаар татаж, 2005 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 2007 оны долдугаар сарын 10-ны өдрийн хооронд мөрдөн байцаалтын шатанд 15 сарын хугацаанд буюу нийт 450 хоног, шүүхийн шатанд 324 хоног, нийт 774 хоног буюу 2 жил 1 сар 14 хоногийн хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Харин бусад хугацаанд хувийн батлан даалтад шалгаж байжээ.
-ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР 25 ЖИЛИЙН ЯЛ СОНСОЖ БАЙСАН З.ГАНТУЛГЫН ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ, 50 САЯЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОСОН БАЙНА-
Дээрх хугацаанд шүүгдэгч З.Гантулгад холбогдох анхан, давж заалдах, хяналтын шатны 13 удаагийн шүүх хуралдаан явагдаж, З.Гантулгад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны гуравдугаар сарын 01-ний өдөр 25 жил хорих ял оноосон байна. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүхийн 2007 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байгаа юм.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр дахин хэлэлцэж шүүгдэгч З.Гантулга нь хэргийн газарт байгаагүй, амь хохирогч Б.Б-н амь насыг хохироосон болох нь тогтоогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Мөн тухайн онд шүүхийн шийдвэрээр иргэн З.Гантулгад гэм хорын нөхөн төлбөрт улсаас 50 сая төгрөгийг олгосон аж.
-З.ГАНТУЛГЫН НЭР ХОЛБОГДООД БАЙСАН Б.Б-ГИЙН ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ИЛРЭЭГҮЙ БАЙНА-
Харин З.Гантулгын нэр холбогдоод байсан Б.Б-гийн гаднын нөлөөтэй амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд нь одоогоор тогтоогдоогүй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулсаар байгаа аж.
Иргэн З.Гантулга нь “Эрүү шүүлт тулгасан, зодож хэрэг хүлээлгэсэн” талаар удаа дараа гомдол гаргаж байсан байгаа юм. Түүний энэхүү гомдлыг Улсын мөрдөн байцаах газар, АТГ зэрэг байгууллагаас удаа дараа шалгаж, "З.Гантулгыг эрүү шүүлт тулгаж, зодсон зэрэг үндэслэл тогтоогдоогүй" гэх шалтгаанаар прокуророос хэргийг хааж байжээ.