ВИДЕО: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргалаа

ВИДЕО: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.11.01/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал арванхоёрдугаар сарын 7-ны өдөр товлогдсон. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 оны тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 02-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгосон. Яг энэ өдрийн өмнө сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлын тов гараад байна. Өнөөдөр би хоёр асуудлаар мэдээлэл өгөх гэсэн юм. Нэгдүгээрт би иргэн хүний хувиар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргаж байна” гэв.

Мөн тэрбээр, “Миний хувьд Н.Өнөрцэцэгийг сулла, шүүх хэлмэгдүүлж байна гэсэнгүй. Н.Өнөрцэцэгийн хэргийн хувьд нууцын зэрэглэлтэй хэрэг байгаа. Тиймээс үүнтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд танилцдаг. Тэгэхээр шаардлагатай бол нууцын баталгаанд гарын үсэг зурахад бэлэн. Өнөөдрийг хүртэл шүүх засаглалд итгэж ирсэн. Гэтэл одоогийн нөхцөлд шүүх засаглалд жаахан эргэлзэж байна. Учир нь нууцад хамаарсан аливаа материалыг хадгалах үүрэгтэй этгээд алдсан. Гэтэл тэр хүн нь бас хариуцлага хүлээх ёстой байтал олж авсан хүн нь шоронд орчихсон. Харин дамжуулсан иргэн нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй гадуур явж байгаа. Мэдээлэл олж авсан, дамжуулсан хоёр хоёул хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.

ВИДЕО: