Бохирын худагт хаягдал масло асгаж, Улаанбаатарт химийн үнэр тархаасан компаний захиралд 10 саяар торгох ял оноолоо

Бохирын худагт хаягдал масло асгаж, Улаанбаатарт химийн үнэр тархаасан компаний захиралд 10 саяар торгох ял оноолоо

Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-13 /2023.10.12-13/-нд шилжих шөнө Улаанбаатар хотод хаанаас, юу нь үл мэдэгдэх химийн үнэр тархаж, олны анхаарлыг татсан.

Улмаар цагдаа болон мэргэжлийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай хаягдал тос, маслыгдахин боловруулж, дизель түлш гарган авах үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК-ийн жолооч С.Лхагвабаяр гэгч нь үйлдвэрээсээ 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло ачиж, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах бохирын худагт асгасан болох нь тогтоогдсон байдаг.

Улмаар Экологийн цагдаагийн албанаас уг хэргийг шалгаж, прокуророос уг хэрэгт “Эко стандарт петролиум” ХХК-ийн захирал Б.Наранцацралд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг энэ сарын 29-ны өдөр хэлэлцээд Б.Наранцацралыг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.