МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар нарыг "залилах, хахууль авах" зэрэг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар нарыг "залилах, хахууль авах" зэрэг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатарын гэр болон ажлын байранд нь АТГ-аас нэгжлэг хийж, саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр уг асуудал олны анхаарлаас гарсан юм.

Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар нарт холбогдох хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр явж байгаа аж. Тодруулбал, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар, МҮОНРТ-ийн Тамгын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Даваажав, М.Давааням нарыг

  • МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэх нэрийдлээр их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн гэмт хэрэг,
  • Байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар дамжуулан авч завшсан гэх,
  • Ажилтан ажилд авахдаа хахууль авсан, авлига өгсөн гэх,
  • Байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй гэх тав хүртэл жилийн хорих ялтай дөрвөн зүйл ангиар яллагдагчаар татсан байна.

Ингээд уг хэргийг өнгөрсөн есдүгээр сард /2024.09.04/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан байгаа юм. Гэсэн ч тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Уг гомдлыг тус шүүх энэ сарын 31-ний өдөр хэлэлцэхээр товлосон байна. 

Ташрамд өгүүлэхэд, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /2023.12.18/ -ны өдөр хуралдаж, Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэсэн ч тэрбээр албан ёсоор тамга тэмдэг, ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс нэлээдгүй маргаан үүсэж, тус байгууллагын үйл ажиллагаа доголдоход хүрсний эцэст тэрбээр ажлаа өгч байсан юм.