УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.25/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гаалийн татвараас чөлөөлөх барааг Сангийн сайд юм уу, Гаалийн байцаагч шийддэг болбол авлигал цэцэглэнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр "Хэний юуг чөлөөлөхийг Сангийн сайдын дур зоргоос хамааруулах гээд байна. Энэ авлигал болно. Мөн татвар чөлөөлөхийг Засгийн газар мэддэг болж байгаа нь Үндсэн хууль зөрчөөд байна. Татвар чөлөөлөх эсэх нь УИХ-ын хэнтэй ч хуваалцдаггүй Онцгой бүрэн эрх. Энэ эрхийг Засгийн газарт өгөх гэж байна. Бүсчилсэн хөгжлийг дэмжих гэдэг ганц гоё нэртэйгээр юуг, ямар хугацаагаар, хэнийг, хэдэн их наядыг чөлөөлөх юм бүү мэд. Харанхуй ганц тоотой заалтаар эрх өгч байна. Гаалийн албан татвар мөн ялгаагүй. Боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор 100 хувь чөлөөлнө. Энэ юу юм. Сүүний үйлдвэр юм уу, тарагний үйлдвэр юм уу. Үүнд нефть орох уу. Шатахуун импортлогчид, барилгын материал орох уу. Энд юу орохыг Сангийн сайд, Гаалийн байцаагч шийддэг болох гээд байна. Энэ авлигал. Үүний цаана хэдэн зуун тэрбум төгрөгийн юм яригдаад байна" гэлээ.
ВИДЕО: