Олон нийтийн сүлжээний гол хэрэгсэл болох Facebook -ийг хөгжүүлэгч "Мета" компани АНУ-ын Лос Анжелес хот дахь оффисынхоо 20 орчим ажилтнаа хүнсний талоныг буруу ашигласан асуудлаар ажлаас нь чөлөөлсөн талаар "Financial Times" мэдээлжээ.
Тодруулбал, өөрийн цайны газаргүй "Мета" компани оффисын ажилчдынхаа өглөөний цайнд 20 ам.доллар, үдийн хоол болон оройн хоолонд 25 ам.доллароор "хоолны талон" олгодог байна. Иймд "Мета" компанийн ажилчид тус купоныг зөвхөн хоол хүнсэндээ зарцуулж ёстой аж.
Гэтэл тус компанид хийсэн шалгалтаар Лос Анжелес дахь оффисын зарим ажилчид дарсны хундага, угаалгын нунтаг, шүдний оо зэрэг гэр ахуйн эд зүйлсийг худалдан авахдаа байнга "Мета" компаниас олгосон хүнсний купоноо ашиглаж, мөн гэртээ авсан хоол хүнсээ ч тус купоноор захиалдаг байсан нь тогтоогджээ. Иймд "Мета" компани АНУ-ын Лос Анжелес хот дахь оффисынхоо 20 орчим ажилтнаа хүнсний талоныг буруу ашигласан хэргээр ажлаас нь халсан байна.
Эх сурвалж: Varlamov news