ВИДЕО: НҮБ-ын хүний эрхийн сургалтын төв барихыг Засгийн газраас  дэмжсэн ч ирэх жилийн төсөвт 15 тэрбумыг суулгахаас татгалзжээ

ВИДЕО: НҮБ-ын хүний эрхийн сургалтын төв барихыг Засгийн газраас дэмжсэн ч ирэх жилийн төсөвт 15 тэрбумыг суулгахаас татгалзжээ

Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг Монгол Улсад байгуулахад зориулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2645 м2 газрыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т олгосон байдаг. Гэтэл өнгөрсөн 11 сараас хойш яригдсан уг асуудал одоог хүртэл ажил хэрэг болоогүй байгаа бөгөөд ХЭҮК-т олгосон газарт барилгын суурь нь ч тавигдаагүй байна.

ВИДЕО:

-НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАРИЛГАД НИЙТ 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙГ БИЙ БОЛГОЖ, ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ-

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас “Хүний эрх-75” санаачилгыг гаргаж гишүүн улс орнууд, Засгийн газруудад хандан, "Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хүний эрхийн чиглэлээр ахиц дэвшил гаргах амлалт өгөх"-ийг уриалсан байна. Энэ хүрээнд манай Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төв байгуулах амлалт өгөх саналыг гаргаж, Засгийн газар дэмжсэн байна.

Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын Хүний эрхийн дээд хэмжээний уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, Монгол Улсад НҮБ-ын хүний эрхийн сургалтын төвийг барина гэх Засгийн газрын амлалтыг уламжилжээ.

Ийнхүү хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг Монголд барихаар болж, Мэргэжлийн Хяналтын газрын төв оффисыг барихаар цэцэж байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороон дахь 2645 м2 газрыг ХЭҮК-т шилжүүлэн олгосон байдаг бөгөөд ХЭҮК-оос НҮБ-ын байрны зураг төслийг боловсруулж, 15 тэрбум төгрөгийн төсвийн төсөөллийг бий болгон Засгийн газарт өргөн мэдүүлсэн байна.

-НҮБ-ЫН БАЙРЫГ МОНГОЛД БАРИНА ГЭХ АМЛАЛТЫГ ЗАСГИЙН ГАЗРААС ДЭМЖСЭН Ч ИРЭХ ЖИЛИЙН ТӨСӨВТ СУУЛГАХААС ТАТГАЛЗЖЭЭ-

Гэтэл Засгийн газраас дэмжиж НҮБ-ын байр байгуулахаар амлалт өгсөн атлаа барилгад шаардагдах 15 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт суулгахаас татгалзсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энд "яагаад татгалзав?" гэдэг асуудал анхаарал татаж байна. Ийнхүү уг барилгын шав нь ч тавигдалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд цаашдаа хэзээ барьж байгуулах нь тодорхойгүй хэвээр байна.

Хэрвээ УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж уг барилгын төсвийг батлахгүй бол НҮБ-ын индер дээрээс олон улсын түвшинд өгсөн Монголчуудын амлалт худалд болж магадгүй байна.

Сонирхуулахад, Манай улсад саяхан ажилласан НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Л.Саттервейт "Монгол Улсад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг байгуулна гэдэг өндөр хүлээлттэй байгаа" хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төвийг Монгол Улсад байгуулснаар НҮБ-ын дэмжлэгийг хүртэх, олон улсын хамтын ажиллагаа өргөжин бэхжих зэрэг олон талын ач холбогдолтой билээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө