"Жолооны эрхгүй хүн автомашин жолоодох зөрчил буурахгүй байна" гэж УЕПГ-аас мэдэгдлээ

"Жолооны эрхгүй хүн автомашин жолоодох зөрчил буурахгүй байна" гэж УЕПГ-аас мэдэгдлээ

2024 оны III улиралд улсын хэмжээнд 2.4 сая зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөн ба 71.3 хувь нь Нийслэлд, 28.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 92.8 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.8, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1.6, хүний биед халдах зөрчил 0.6, гэр бүлийн хүчирхийлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувийг жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил эзэлж байна. Тодруулбал,

  • Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 17125,  
  • Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409,
  • Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 12164,
  • Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3768 зөрчил бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад жолооны эрхгүй хүн автомашин жолоодсон зөрчил 23.6 хувиар, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 36.7 хувиар тус тус өссөн байна. Харин жолооны эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 55.7 хувиар буурчээ.