Худалдааны төвөөс 120 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийн хамт хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Худалдааны төвөөс 120 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийн хамт хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн есдүгээр сарын 27-нд СХД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт хулгай орж, эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй, өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан Х зэрэг нэр бүхий гурван этгээдийн үйлдлийг ААН-ийн камерийн тусламжтайгаар тогтоож, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс илрүүлж, саатуулсан байна. Мөн гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг хуульд заасны дагуу хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд нь мөн есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх нэр бүхий худалдааны төвөөс 120 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийг хулгайлсан үйлдэл тогтоогдоод байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.