А.Өлзийням: Г.Ариунболдод зодуулснаас хойш гурван сарын хугацаанд Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа өөрчлөгдсөн

А.Өлзийням: Г.Ариунболдод зодуулснаас хойш гурван сарын хугацаанд Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа өөрчлөгдсөн

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдод зодуулж, хохирсон гэх иргэн А.Өлзийням өнөөдөр /2024.10.07/ мэдээлэл хийлээ.

Иргэн А.Өлзийням, “Төв аймгийн Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболдод 2024 оны долдугаар сарын 13-ны өдөр гурван удаа зодуулсан. Намайг бас хоёр тогоочийг маань гараараа болон төмөр сандлаар цохиж хөлөөрөө дэвссэн. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа нарыг мөн сүрдүүлж дахин намайг зодсон. Цагдаагийн энгэрийн камерт намайг чулуун сандлаар цохиж, зодуулж байгаа талаар болон цагдаа нарын хараад зогсож байгаа бүх бичлэг байгаа боловч надад өгөхгүй байна. Анх би 20 гаруй хөхрөлттэй байхад шүүх эмнэлгийн эмч н.Ганзориг “Та манаралттай байна. Машинаар явж болохгүй. Дахин шинжилгээ өгөх шаардлагатай” гэж ярьсан боловч дараа нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр онош өөрчлөгдсөн. Ямар ч манаралтгүй, эрүү чих эрүүл. Хөхрөлтийн тоог 10-11 болгосон байсан. Удалгүй миний хэргийг хаасан гэж холбогдсон. 19 хоногийн хугацаанд шүүх эмнэлгийн хариу зүгээр гарсан учир хааж байна гэсэн. Мөн шүүх эмнэлэг, прокурорын газраас над руу хоёр сар огт холбогдохгүй байж байгаад өнөөдөр /2024.10.07/ өглөө 8:00 цагаас хойш залгалаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт өмнөх шигээ гарсан гэсэн. Үүнийг үнэхээр гайхаж байна. Тэр хүний олон нийтэд нийтэлсэн зүйл бол бүгд худал. Надад нуух зүйл байхгүй. Би Төв аймгийн шүүх эмнэлэг, прокурор болон Засаг дарга Г.Ариунболд, дуудлагаар ирсэн гурван цагдаад гомдолтой байна” гэлээ.

Сэтгүүлч: Л.Лхамбүтэд