Б.Оюунсанаа: Мод тарьсан хашаа илүү өндөр үнэтэй байх зохицуулалт оруулахаар ажиллаж байна /ВИДЕО/

Б.Оюунсанаа: Мод тарьсан хашаа илүү өндөр үнэтэй байх зохицуулалт оруулахаар ажиллаж байна /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд улс даяараа мод тарих эрхэм үйлд ханцуй шамлаад буй. Тус ажлын хүрээнд 2024 оныг “Ойн жил” болгон зарласан бөгөөд өдгөө намрын мод тарих ажил үргэлжилж байна. Тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн сангийн дарга Б.Оюунсанаа иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж уриалга дэвшүүллээ.

ВИДЕО: 

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 41 сая мод тарьж ургуулж байгаа бөгөөд энэ ондоо 60 саяд хүргэх зорилготой аж. Мөн мод тарихтай холбоотой иргэд рүү чиглэсэн бодлого зохицуулалт хийж эхэлж байна. Тодруулбал тухайн иргэний  хашаандаа тарьж тордон ургуулсан модыг тодорхой хэмжээнд хамгаалалтад оруулах, нөгөөтээгүүр мод тарьсан хашаа мод тариагүй хашаанаас үнийн ялгаатай байх орчныг бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн ойн сангийн дарга Б.Оюунсанаа, “Модыг хавар нахиа дэлгэрэхийн өмнө болон намар нахиагаа зангидах үед нь тарьдаг. Мөн намар тарьсан мод орчинтойгоо дасан зохицож, амьдрах чадвар өндөр байдаг билээ. Өдгөө намрын мод тарилтын ажил эхэлсэн бөгөөд улс орон даяар идэвхтэй мод тарих ажлыг албан ёсоор аравдугаар сарын 5-ны өдөр эхэлнэ. Тэрбум мод.мн, модлог.мн гээд манай хувийн хэвшлийн холбооноос гаргасан модтой холбоотой мэдээллийг багтаасан сайтууд бий. Үүнээс иргэд хаана ямар мод хэдэн төгрөг гэж байгаа талаар бүхий л мэдээллийг авах боломжтой юм. Мөн мод анхлан тарьж байгаа хүмүүст амаргүй зүйл их. Мод тарих гэдэг нь хэн нэгэнд хийж өгч буй ажил ерөөсөө биш. Үр хойчдоо үлдээж буй зүйл юм. Иймд иргэн та санаачилга гарган хашаандаа, цэцэрлэгт хүрээлэнд гэх мэт бүхий л боломжит газар мод тариарай гэж уриалмаар байна. Таны тарьсан ганц мод экологи, эдийн засагт үнэлж баршгүй  эерэг ач холбогдолтой байдаг” гэдгийг хэллээ.