Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаас мөнгө гаргадаг байсан Хаан, Голомт банк болоод Улсын бүртгэлийн ажилчид нэг хүний мэдээллийг 500 мянгаар зарсан байж болзошгүй байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаас мөнгө гаргадаг байсан Хаан, Голомт банк болоод Улсын бүртгэлийн ажилчид нэг хүний мэдээллийг 500 мянгаар зарсан байж болзошгүй байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаас мөнгө гарган авдаг байсан Хаан, Голомт, Төрийн банкны 8 ажилтан, Улсын бүртгэлийн 7 ажилтныг цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн хэрэгт Налайх дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Э.Өнөрцэцэг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Б.Цэрэнлхам, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Д.Гэрэлт-Од, Голомт банкны ажилтан Т.Баттулга, Хэнтий аймгийн Хаан банкны ажилтан Ч.Доржханд, Г.Наранцэцэг нарын хүмүүсийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2 /Зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 18.6 дугаар зүйлийн 18.6.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Мөнгө угаасан/, 26 дугаар зүйлийн 26.1.6.1 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Кибер орчинд хууль бусаар халдах/ дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар,  "урьд өмнө ял эдэлж байсан Б, Ч, Г, М нар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т болон мөрийтэй тоглоом тоглодог Б, П, Т нартай бүлэг зохион байгуулалтад орж 80 орчим иргэдийн дансны болон тоон гарын үсгийг дээрх хүмүүсээс хууль бусаар гаргуулан, тухайн иргэдийн данснаас их хэмжээний мөнгийг бусдын данс руу шилжүүлэн авдаг байжээ".

Харин дээрх албан тушаалтнууд нь нэг иргэний хувийн мэдээллийг 500 мянган төгрөгөөр тооцон худалддаг байж болзошгүй аж.  

Мөн тухайн албан тушаалтнууд нь хууль бусаар олсон орлогоороо 550 сая төгрөгийн үнэ бүхий 10 орчим тээврийн хэрэгсэл худалдаж авсан байж болзошгүй байгаа бөгөөд тэдний оршин суух газраас 50 орчим сая төгрөг бэлнээр, 55 ширхэг гар утас, үүрэн холбооны операторын 32 ширхэг сим карт, банкны виза карт 11 ширхэгийг хураан авчээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.