П.Баттөр: Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагууд ажилчдын цалин хөлсийг нөхөн олгохгүй байна

П.Баттөр: Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагууд ажилчдын цалин хөлсийг нөхөн олгохгүй байна

Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, компани болон ажилчдад хохирол учруулж байгаа тухай өнөөдөр /2024.09.25/ Эрдэнэтийн ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр мэдээлэл хийлээ.

Эрэнэтийн ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр, “Эрдэнэтийн ДЦС төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ болон Санхүү бүртгэл эдийн засгийн хэлтсийн дарга х.Зулцэцэг нар нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хамтын гэрээний заалтын дагуу нийт ажилчдын цалин хөлсийг арван хувиар нэмэгдүүлэх байсныг хэрэгжүүлэлгүй, ажилчдын цалин хөлсийг дутуу олгосон билээ.  Иймд Б.Бат-эрдэнэ, х.Зулцэцэг нарыг Орхон аймгийн иргэний анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, ажилчдын цалин хөлсийг нөхөн олгохгүй байгаа байдлыг таслан зогсоохоор энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин, ээлжийн ажилчдын 243 хүн, түүний ар гэрт олгогддог шөнийн нэмэгдэл хөлсийг олгохгүй 950 сая төгрөгийн акттай байгаа. Уг асуудлаас болж  ДЦС-ын 465 ажилчин хохирч байна.

ДЦС-ын удирдлагууд 2023 оны төрийн аудитын дүгнэлтээр нийт 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байхад эрчим хүчний яамнаас хариуцлага тооцохгүй өнөөдрийг хүрсэн. Мөн шаардлага тавьсан ажилчдыг дарамталж цалин мөнгийг хасдаг асуудал газар аваад байна.

Харин ерөнхий нягтлан санхүүгийн хэлтсийн дарга х.Зулцэцэгийн  албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг бий болгосон гэдгийг гурван шатны шүүхийн дүгнэлтээр эцэслэн тогтоочихсон байхад яагаад яамнаас хариуцлага тооцохгүй байгааг гайхаж байна” гэлээ.

Мөн Эрдэнэтийн ДЦС-д ажилдаггүй хүнд ажлын орон тоо үүсгэж хувьдаа мөнгө завшсан хэрэг мөн анхан шатны шүүхээр ороод давж заалдах шатны шүүхэд яваа аж.  Уг хэргийн хүрээнд Эрдэнэтийн ДЦС-ын гүйцэтгэх захирал Б.Бат-эрдэнэ, ерөнхий нягтлан х.Зулцэцэг нарт хариуцлага тооцохыг эрчим хүчний сайдаас шаардсан байна. Тухайн яамны зүгээс Эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Эрдэнэтийн ДЦС-ын төлөөлөн удирдах төвийн дарга н.Батзориг гэх хүнд  шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа аж. Уг шаардлагад компанийн захирлын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул гэрээгээ цуцлахыг шаарджээ. Иймд Эрдэнэтийн ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн зүгээс уг асуудалд Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ нар анхаарлаа хандуулахыг хүссэн юм.