"Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэргийн шинжтэй есөн гомдол"-ыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэж мэдэгдлээ

"Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэргийн шинжтэй есөн гомдол"-ыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэж мэдэгдлээ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хурлын танхимд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой бүртгэгдсэн гомдол болон холбогдох хууль тогтоомжийн талаар  өнөөдөр /2024.09.25/ мэдээлэл хийлээ.  

УИХ-ын 2024 оны гуравдугаар сарын 15 өдрийн 19-р тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын  2024 оны сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-ий өдөр зохион байгуулахаар тогтсон билээ. Уг ажлын хүрээнд  Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны есдүгээр сарын 09-ний өдрийн зөвшөөрөл олгох тухай 198 дугаар тогтоолоор нийт гурван сонгуулийн санал авах байрыг нэмэгдүүлж, 2230 сонгуулийн санал авах байранд цагдаагийн байгууллагаас хамгаалалт гаргаж ажиллахаар боллоо.

Харин сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийг шалгах дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг энэ оны есдүгээр сарын 16-ы өдрөөс томилон ажиллаж байгаа аж. Мөн орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 зүйлд  заасны дагуу энэ оны наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбоотой эсэх лавлагааг цагдаагийн байгууллагаас 19239 иргэнд олгон ажилласан байна.

Мөн сонгуультай холбоотой санал гомдол /2024.09.24/ өдрийн байдлаар нийт 58 тохиолдол  бүртгэгдээд байна. Үүнээс зөрчлийн шинжтэй 49, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл тус тус эзэлжээ.

Уг гомдол мэдээллийг орон нутгаар нь ангилж үзүүлбэл Ховд аймагт нэг, Булган аймагт хоёр, Өвөрхангай аймагт нэг, Хэнтий аймагт гурав, Дорнод, Сүхбаатар аймагт тус тус нэг санал гомдол ирсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн сонгууль дуустал долоо хоног бүрийн лхагва гарагийн 11 цагаас мэдээлэл хийх аж.  

Зөрчлийн шийдвэрлэх албаны ахлах байцаагч Цагдаагийн Хошууч Э.Саруул “Улсын хуралд тухайн нэр дэвшигчдийн нэгдсэн самбар байршуулж байсан бол аймаг нийслэл дүүрэг дээр тухайн нэр дэвшигч өөрөө сурталчилгааны зурагт самбар байршуулдаг болсон. Тус самбарыг маргаашаас байршуулж эхэлнэ. Тухайн самбарыг хурлаар тогтоож өгсөн газар байршуулна. Гудамж талбайд байршуулсан самбарыг урж гэмтээх, дээр нь зурах зөрчил их илэрдэг. Бидний зүгээс сурталчилгааны самбараа байршуулахдаа тусгай өгөгдсөн хяналтын камертай зөвшөөрөгдсөн газар байршуулахыг анхааруулж байна. Мөн хугацаанаас нь өмнө сурталчилгааны самбар байршуулж болохгүй бөгөөд ийм төрлийн зөрчил мөн багагүй бүртгэгдсэн байна” гэдгийг хэллээ. Ташрамд цагдаагийн байгууллын үйл ажиллагааг  цаг алдалгүй хүргэх зорилгоор 102 police application -ээр сонгуультай холбоотой болон бусад бүх цагдаагийн мэдээ мэдээллийг мэдэх боломжтой ажээ