Жолооч Б.Эрдэнэболд: Ослын дараа хамгийн түрүүнд хүүхдүүдээ амьд болов уу гэж бодсон /ВИДЕО/

Жолооч Б.Эрдэнэболд: Ослын дараа хамгийн түрүүнд хүүхдүүдээ амьд болов уу гэж бодсон /ВИДЕО/

Хөдөө орон нутгийг зорих иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалан зам тээврийн осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ оны эхний найман сарын /2024.08/ байдлаар 18 мянга 574 хүн осолд өртөж, үүнээс 2669 хүн бэртэж гэмтэн, 388 хүний амь нас хохирсон байна.

Тэгвэл өнгөрсөн зун амралтаараа төрсөн нутаг болох Хэнтий аймагт амраад буцах замдаа зам тээврийн осолд өртөж, улмаар хамгаалах бүсний ачаар гэр бүлээрээ амьд үлдэж чадсан иргэн Д.Эрдэнэболдтой бид цөөн хором ярилцлаа. 

ВИДЕО: 

Тэрбээр "Би Хэнтий аймгийн хүн. Өнгөрсөн долдугаар сард ээлжийн амралтаа аваад нутаг орж амраад буцах замдаа буюу Багануур дүүргийн ойролцоо зам тээврийн осолд орсон. Осол хойд талын дугуй буудсанаас болж гарсан. Уг нь өөрийн автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангасан. Дугуйгаа найдвартай гэж бодож байсан ч тийм байгаагүй. Уг нь хээ, хий сайтай дугуй байсан ч бөөрөөрөө хавантсан байсныг мэдээгүй. Гэтэл хавантай дугуй нь буудаж, улмаар замын хажуу руу унаж, эргээд дөрвөн дугуйн дээрээ тогтсон. Азаар тухайн үед бид бүгдээрээ автомашиныхаа хамгаалах бүсийг зүүсэн байсан учраас гэр бүлээрээ амьд үлдсэн.

Түүнээс хамгаалах бүс зүүгээгүй байсан бол тийм хэмжээний ослын дараа нэг нь ч амьд үлдэхгүй байсан байх.

Осолд орсныхоо дараа хамгийн түрүүнд хүүхдүүдээ л амьд болов уу гэж бодсон. Шоконд орсон байсан болохоор машиныхаа хаалгыг ч нээж чадахгүй байсан. Харин биднийг осолд орсныг харсан хүмүүс түргэн тусламж, цагдаа дуудаж өгч, бид анхны тусламж авч чадсан. Хамгаалах бүсний ач тусыг өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд иргэд, жолооч нартаа хандаж хэлэхэд "Хамгаалах бүсээ тогтмол зүүх байгаарай. Хамгаалах бүс нь таныг болон таны хайртай дотнын хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг юм байна гэдгийг захиж хэлмээр байна" гэв.

Тиймээс жолооч нарыг хамгаалах бүсээ тогтмол зүүж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зам хөдөлгөөнд оролцож, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд учруулахгүй байгаасай гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.