Энэ долоо хоногт ихэнх нутгаар аадар бороо орж, зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ

Энэ долоо хоногт ихэнх нутгаар аадар бороо орж, зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална. Өнөөдөр /2024.08.05/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +26...+28 градус дулаан байна. 

Маргааш буюу энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 7-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. Энэ сарын 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.