Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 8-р сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +17...+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнодын тал нутгаар +28...+33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.. +26...+28 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.