Сайхан сэтгэл, хүнд тусархуу зан чанар нь өөрийнх нь амьдралын хамгийн том асуудал болж, танил гэх дотнын ахдаа залилуулсан нэгэн залуу манай сайтад хандсан юм. Иймд бид үзэгч болон уншигчдадаа сэрэмжлүүлэх үүднээс дээрх залилангийн хэргийн талаар хохирогч болоод буй Г.Анхбаяртай ярилцлаа.
ВИДЕО:
Түүний хувьд танил ахдаа туслахаар гарын үсэг, иргэний үнэмлэхээ ашиглуулсны улмаас өдгөө 200 гаруй сая төгрөгийн өрөнд орж, шүүхээс 12 хүртэлх жилийн ял сонсож магадгүй болоод байгаа юм.
-Таны гарын үсэг, иргэний үнэмлэхийг ашиглаж танил гэх хүн нь маш том залилан хийсэн гэсэн шүү дээ. Танил гэх хүн нь тантай ямар холбоотой вэ?
-Тухайн хүн нь манай найзын ах байсан. Би найзтайгаа олон жил нийлсэн сайн найзууд одоо ч найзалж байгаа. Гэхдээ тэр ах гэдэг хүнтэй нь би найзаараа дамжуулан танилцаж, хүндэлдэг, сайн ч хүн гэж боддог байсан. Тэр хүн ч гэсэн миний даруу төлөв, хүнд тусархаг гээд сайхан зан чанаруудыг маань маш сайн мэддэг. Ерөнхийдөө нэлээд дотно харилцаатай хүн байсан.
-Гэтэл таныг яг яаж ашиглаад, өнөөдөр та ямар байдалд ороод байна.
-Өнөөдөр миний байгаа байдал бол иргэний үнэмлэхээ бусдад өгч, бусдад итгэсний улмаас маш өндөр төлбөр тооцооны өрөнд орсон. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан надад шүүхээс өгч магадгүй байгаа шийтгэл нь 2-8 жил, бүх хүнд гэж үзвэл 5-12 жилийн хорих ял.
-Энэ хэрэг хэзээ яаж эхлэв?
-Энэ нь 2019 оны гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сар хүртэл мөн тавдугаар сард болсон явдал. Одоогоор би хоёр хэрэгт орооцолдсон байна. Нэг нь “Магнай трейд” ХХК-ийн150 сая төгрөгийн үнэ бүхий түлшний хэрэг, Нөгөөх нь “Сайн ломбард”-ны автомашины хэрэг. Эдгээр хэрэгт манай найзын ойрын ах гэх н.Ариунболд гэх хүн холбоотой гэсэн үг. Тэр хүнийг би маш сайн хүн гэж боддог байсан болохоор намайг ийм байдалд хүргэнэ гэж төсөөлж ч байгаагүй.
Юу болсон бэ гэвэл тэр хүн надтай нэг удаа ярилцаж байхдаа санал тавьсан. Тухайн үед надад “Би том машин хятад руу явуулдаг ажилтай. Нүүрс зөөвөрлөж байгаа юм. Энэ ажилд маань нэг тус болооч. Энэ удаа тусалбал цалин мөнгө өө тохироод дараа дараагийн ажилдаа хамтаръя” гэсэн. Би ч зөвшөөрч яаж туслахаа асуухад “зээлийн хүсэлт Магнай трейд компанид гаргах юм. Энэ бичиг баримтыг чи өгч байгаа болж, гарын үсгээрээ баталгаажуулаад өгөхөд болно” гэсэн. Тэр бичиг баримт нь ч бэлэн байсан бөгөөд намайг оруулаад “тэр гэдэг нэртэй захиралд нь өгөөрэй” гэсэн. Миний хувьд олон ч уулзсан. Сайн танил хүн маань учир дургүйцэх эсвэл эргэлзэх зүйл огт байгаагүй. Нээрэн л тус болж байна л гэж бодсон. Тиймээс тус бичиг баримтад гарын үсгээ зурж, оруулж өгөөд ахынхаа заасны дагуу хэлээрэй гэж захисан үйл ажиллагааных нь талаар товч мэдээллийг нь өгөөд гарч ирсэн. Тэр зээл нь ч бүтсэн.
Миний бас нэг баттай итгэх шалтгаан нь тус зээлтэй холбоотойгоор гурван өрөө байр миний нэр дээр шилжүүлж, намайг зээлээ төлөхгүй бол өөрийн мэдэлд захиран зарцуулаад энэ мөнгийг ч төлж болно гэх утгатай барьцаа гаргаж өгсөн юм.
Энэ явдал зээл авснаас хойш нэг их удаагүй болсон. Нэг удаа над руу яриад “ах нь өөрийн нэр дээр байдаг “Crystal town”-ы гурван өрөө байраа чиний нэр дээр шилжүүлэх гэсэн юм. Иргэний үнэмлэхээ өгөөч. Чи заавал оролцох шаардлагагүй ах нь энүүгээрээ өөрөө зохицуулчихна” гэсэн. Иргэний үнэмлэхээ өгч явуулахдаа ямар нэг зүйл сэжиглэж бодоогүй. Яагаад гэвэл таньж мэдэх хүн учир итгэж байгаа шүү дээ. Дараа нь Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ дээр намайг дуудаж, байрны гэх бичиг баримтыг надад өгсөн. Тухайн гэрчилгээ нь бол тамга тэмдэгтэйгээ, QR кодтой үнэт цаасан дээрх хэвлэгдсэн байсан. Би ч хэрэв ахад маань асуудал гарвал энэ байрыг нь өгч, байгууллагыг хохиролгүй болгоно гэдэгт 100 хувь итгэлтэй байсан. Гэвч энэ бүхэн өнөөдөр намайг маш хүнд байдалт оруулсан. Одоогоор Магнай трейд ХХК надаас тус 150 сая төгрөгийн түлшийг нэхэмжилж байгаа.
-Дахин нэг хэрэгт бас холбогдуулсан гэсэн. Хоёр дахь нь ямар хэрэг вэ?
-Энэ нь 2019 оны тавдугаар сарын 15-нд болсон үйл явдал. Нөгөө ах маань мөн над руу холбогдоод “ахынх нь нэр дээр цагаан өгийн “Crown 204” маркийн автомашин байна. Энийг чи нэр дээрээ шилжүүлээд Сайн ломбардаас 10 сая төгрөг зээлээд өгөөч. Би 14 хоногийн дотор буцаагаад төлнө. Найзын чинь ах болохоор чи угаасаа намайг хаанаас бол хаанаас олно шүү дээ. Би мурихгүй бас алга болохгүй” гэсэн. Би ойрхон явж байсан учир зөвшөөрөөд очсон. Тэгэхэд нэг сонин зүйл анзаарагдаж байсан. Автомашины нэр шилжүүлдэг газар нь бараг ажлын цаг дуусаж байхад багадаа 30 минут болох бичиг баримтын асуудлыг 5 минутын дотор гаргаж өгсөн. Тэндээс гараад мөнгөний асуудал мөн 30 минутад шийдвэрлэгдэж, гэрээн дээр гарын үсэг зураад дууссан. Тэрнээс хойш 10 сая төгрөгөө аваад, автомашинаа унаж явах эрхээр барьцаалан зээл хийсэн байсан тул машинаа унаад явсан. Тэр цагаас хойш тэр машин нь ч олдоогүй. Ариунболд ахыг би дахиж хараагүй.
-Энэ асуудлаас болж та яг одоогоор хэдэн төгрөгийн өрөнд орсон бэ?
-Энэ хоёр асуудлаас болж торгууль, хүүтэйгээ нийлээд 173 сая төгрөгийн өрөнд ороод байна. Дээрээс нь нэмэгдээд намайг хүнд гэмт хэрэг үйлдсэн, бусдыг залилсан гэж үзэж байгаа. Тиймээс улсаас 40 хүртэлх сая төгрөгийн торгууль ноогдуулж, ноцтой гэж үзвэл 12 хүртэлх жил хорих ялаар шийтгэнэ. Одоогоор ийм байдалд л орчхоод байна.
-Зээл авхуулахдаа танд гурван өрөө байраа өгсөн гэсэн шүү дээ. Тэр байрыг нь өгч өрнөөс нь дараагүй гэсэн үг үү?
-Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул одоогоор зарим зүйлийг хэлж болохгүй байна. Ямартай ч байрыг өрөнд нь өгөөгүй. Ерөнхийдөө тэр байрны гэрчилгээ нь миний хардаж байгаагаар хууль бусаар үйлдсэн гэрчилгээ гэж бодож байгаа. Тэгэхээр энэ асуудалд Улсын бүртгэлийн газартай мөн холбоотой авлигал хээл хахуулийн хэрэг давхар яваад байна гэж харж байгаа.
-Хэрэг одоо ямар шатандаа явж байна.
-Одоогоор прокурор дээр явж байгаа.