Хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар Герман улс /ХБНГУ/-ын иргэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн ... дугаар тэмдэгтийн ... дэх хэсгийн чиглэлээр Хил хамгаалалтын 3, 2 дугаар заагийг явганаар, хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар, нууцаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн Герман /ХБНГУ/-ын иргэн М.Ш /M S/-д холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх энэ сарын 16 /2023.10.16/-ны өдөр хэлэлцэж, түүнд 2.5 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн аж.
Ингэхдээ прокурор тухайн Герман улсын иргэнтэй ял тохиролцож, 2,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүхээс прокурорын дээрх саналыг баталж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн Германы иргэн М.Ш /M S/-ыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Сонирхуулахад, Эрүүгийн хуулийн 19.14.1-д "Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.