Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан Ж.Амаржаргалд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ. Тодруулбал, Ж.Амаржаргал нь 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулан, A/153 дугаартай тушаал гаргаж, цэргийн алба хаагчдыг гурван сарын турш тоосгоны үйлдвэрт ажиллуулсан байдаг.
Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан байдаг аж. Гэтэл тэрбээр ЗХЖШ, БХЯ-ны удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн тоосгоны үйлдвэрт цэрэг ажиллуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болж, Өмнөговь аймгийн прокурорын газраас тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар тус шүүх хэргийг 2023 оны зургаадугаар сарын 19-ний хэлэлцэж, Ж.Амаржаргалд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
Уг шийдвэрийг прокурор эсэргүүцсэнээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаагаад байсан юм. Харин Ж.Амаржаргал нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байжээ. Тус гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдэх хурал өчигдөр /2023.10.25/ Улсын Дээд шүүхэд болж, нийт шүүгчид хуралдаанаар тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэг үгээр хэлбэл цэргүүдийг хууль зөрчиж, хувийн компанид хөлсөөр ажиллуулж байсан гэх Ж.Амаржаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо.