Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.25/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын нэгний өдөр хүртэл хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгч Ц.Хулан нь шинээр өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч хэргийн материалтайгаа танилцах хугацаа шаардлагатай байна" гэх хүсэлт гаргасан учир шүүх Ц.Хулангийн эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж хурлыг ийнхүү хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулахад, Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тасралтгүй ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаад, анхан шатны шүүхээс 9.6 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.
19.4 дүгээр зүйл: Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан.