Монголчууд автомашин худалдаж авах зардалд нэг жилд 500-800 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тоон мэдээлэл байна. Тус мөнгийг ихэвчлэн Япон, Солонгос, АНУ-д өгдөг байна. Зөвхөн автомашины зардалд зарцуулагдан гарч буй дээрх мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх зорилгоор “Барс моторс” компани бусдаасаа анхлан машин үйлдвэрлэж эхэллээ.
Тодруулбал, тус компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ анхны машинаа үйлдвэрлэж байна. Уг автомашин нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэйгээр удахгүй худалдаанд гарч, монголчуудын хэрэглээ болох гэж байна.
Анхны автомашин нь дунд оврын жийп байх бөгөөд манай орны цаг уур, орчин нөхцөлд тохирсон чанартай, аюулгүй хамгийн гол нь үйлдвэрийн баталгаатай цоо шинэ байхаараа онцлогтой байх ажээ.
Үнэ ханшийн хувьд монголчуудын ахуй нөхцөл, санхүүгийн боломжит тулгуурлан худалдаанд гарна гэж “Барс моторс” компанийнхан ярилаа.
Тус компанийн захирал Д.Дэмбэрэлээс энэ талаар тодруулахад “Үйлдвэр байгуулахад маш сайн механик инженерүүд буюу боловсон хүчин, багаж, машин эд анги, технологи нэн чухал хэрэгтэй. БНХАУ-д дэлхийн технологи цугласан байна. Тиймээс бид эндээс инноваци авах ёстой. Ингэснээр хамгийн багадаа 200 сая ам.долларыг монголдоо үлдээнэ” гэсэн юм.
Дунд оврын жийп автомашин хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон ч загвар дизайн болон техникийн үзүүлэлтийг нь олон нийтэд ил болгох болоогүй байгаа юм байна.
“Барс моторс” ХХК нь тус хамтарсан үйлдвэртээ жилдээ 25 мянган ширхэг автомашиныг үйлдвэрлэх боломжтой юм байна. Ирэх жилээс 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашиныг үйлдвэрлэх аж. Тус компани БНХАУ дахь үйлдвэрээ өргөжүүлж ирэх оны нэгдүгээр сард Монголд үйлдвэрээ нээх судалгааны ажлаа эхлүүлэх аж.