СУРВАЛЖИЛГА: Монголд үйлдвэрлэсэн оргилуун дарс 23 каратын алттай, чацарганаар бүтсэн гэдгээрээ ДЭЛХИЙД ЦОРЫН ГАНЦ

СУРВАЛЖИЛГА: Монголд үйлдвэрлэсэн оргилуун дарс 23 каратын алттай, чацарганаар бүтсэн гэдгээрээ ДЭЛХИЙД ЦОРЫН ГАНЦ

Өнөөдрөөс яг 14 хоногийн дараа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авна. Монголчууд бид он солигдох мөчид гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар оргилуун дарс задалдаг уламжлалтай. Энэ нь ирэх ондоо оргилуун их амжилттай байхыг билэгддэг билээ.

Ингэхдээ ихэвчлэн импортын буюу гадаадад үйлдвэрлэсэн дарсыг хэрэглэж заншсан, өөр сонголт ч үгүй байдаг. Тэгвэл энэ жилээс Монголдоо үйлдвэрлэсэн оргилуун дарсаар баярын ширээгээ чимэхийг уриалж энэ удаагийн  сурвалжилгаа бэлтгэлээ.

-БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЯПОН, СОЛОНГОС РУУ ИМПОРТЛОХООР
БЭЛТГЭЖ БАЙНА-

Шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж буй TSK WINERY компани нь гурван жилийн өмнөөс буюу 2016 оноос“АUREUS” нэртэй оргилуун дарсыг үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь монголчуудын Монголдоо үйлдэрлэсэн анхны бөгөөд цор ганц оргилуун дарс юм. Тус бүтээгдэхүүн нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд төдийлөн олны хэрэглээ болоогүй ч энэ жилээс харьцангуй танигдаж борлуулалт нь нэмэгдэж буй брэнд аж.

“АUREUS” оргилуун дарсны гол найрлага нь чацаргана жимсийг Герман дарсны хөрөнгөөр исгэж, хүнсний зориулалтын 23 каратын хүнсний алтыг нэмжээ.

“АUREUS”  гэдэг нь Грекээр алт гэсэн утгатай үг аж. Монголчууд эртнээс чацарганыг газрын алт гэж нэрлэж байсан. Тиймээс чацаргана жимснээс бүтсэн учраас “АUREUS” хэмээн нэрлэжээ. Сав баглааны хувьд нэртэй нь адилхан алтан шаргалаар хийж өгсөн байна.Харин энэ жилээс төмөр чимэглэлийг оргилууны дарсны шилний нүүр хэсэгт нэмж өгсөн байна.

“АUREUS”  нь 2011 онд АНУ-ын Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгээс хүрэл медаль, 2015 онд Японд зохиогдсон олон улсын хүнсний үзэсгэлэнгээс шагнал авчээ. Энэ нь Япон болон Солонгост тус бүтээгдэхүүнийг худалдаалахад томоохон түлхэц үзүүлсэн байна.

-С.ЗАЯА: БИД ОЛОН ЖИЛИЙН ТУУШТАЙ ОРОЛДЛОГООРОО “АUREUS” 
ОРГИЛУУН ДАРСЫГ ГАРГАЖ АВСАН-

TSK WINERY компанийн маркетингийн албаны  дарга С.Заяатай “АUREUS оргилуун дарсны тухай цөөн хором ярилцлаа.

-Танай компани вино, квас, чацарганы цэвэр тос, омега, жимсний найрлагатай эрүүл мэндийн бэлдмэлийг үйлдвэрлэдэг юм байна. Оргилуун дарс бүтээх сэдэл, санаа хэрхэн төрж байв?

-Монгол айл бүр монгол орныхоо хөрсөнд ургасан чацаргана жимсээр хийсэн оргилуун дарсыг баяр ёслолоороо задалж байгаасай  гэж хүсч хийсэн. Алт бол бэлэгшээлтэй ховор эрдэнэ. Тиймээс бид алтны  найрлагатай, алтан шаргал шилтэй бүтээгдэхүүнийг гаргасан. Хүмүүс бэлгэдлийн чанартайгаар оргилуун дарсыг буудуулдаг. Манай компани энэхүү бүтээгдэхүүнээ гадны улсууд руу импортлохоор ажиллаж байна. Өнгөрсөн зун Солонгосын нэгэн бизнесмэн Монголд ирж манай компанийн удирдлагуудтай уулзаж,  бүтээгдэхүүнүүдтэй маань танилцсан. Солонгосын залуус шөнийн клубт орохоороо оргилуун дарс уудаг талаар тэр хүн ярьж байлаа. Тус Солонгос бизнесмэн “АUREUS”-ын шошгыг төмөр болгох боломжтой юу гэж биднээс асуусан. Энэ дагуу бид шошгоо төмөр болгосон юм.

-Та бүхэн уг бүтээгдэхүүнийг гаргахдаа хэдэн жилийг зарцуулсан бэ. Дэлхийд анх удаа чацаргана жимсээр оргилуун дарс хийсэн гэсэн. Мэдээж мэдэхгүй, чадахгүй зүйлүүд их тулгарсан байх?

-Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэж олон жилийн нүүрийг үзсэн. Чацаргана бол өндөр антиоксиданттай жимс. Исгэхэд их хэцүү гэсэн үг. Тиймээс бид зүүн Германаас чацаргана исгэж дарс хийдэг мэргэжилтэнг урьж авчраад Монголд дөрвөн сарын турш хамтран ажилласан. Манай үйлдвэрийн технологич мөн Германд дарсны чиглэлээр төгссөн мэргэжилтэн ажилладаг. Тэд хамтран энэхүү оргилуун дарсны технологийг бүтээсэн. Эхлээд чацаргана жимс маань исэж өгөхгүй, дарс болохгүй байсан. Нэлээд олон жилийн оролдлого, туршилтын эцэст энэ бүтээгдэхүүнийг гаргасан болохоор манай компани хувьд хамгийн хайртай бүтээгдэхүүн юм.

-Хүмүүс хэрэглэх гэж буй бүтээгдэхүүндээ итгэдэг, найдвартай гэдгийг нь мэддэг байх ёстой. Тиймээс та манай уншигчдад хандан “АUREUS”-ийн үйлдвэрлэлийн явцыг хэлж  өгнө үү?

-Чацаргана жимсээр оргилуун дарс бэлтгэхийн тулд хальс болон яснаас салган, тосыг нь ялган авдаг. Цэвэр чацарганы тосоо Япон руу гаргадаг. Манай тос нь 99.7 хувийн цэвэр тос юм. Үүнийг япончууд шинжилж үзээд омега 3, 6, 7, 9 агуулагдаж байгааг тогтоосон. Тосыг нь авсан цэвэр жүүсээ хөрөнгөөр исгэж 11 градусын хатуулагтай, хагас чихэрлэг дарс бий болдог. Мөн нэмж 23 каратын хүнсний зориулалттай алтыг нэмж өгдөг. Манай онцлог бол дарс исгэлтийн Европ технологи тэр дундаа Германы туршлагаар бүтээгдэхүүнээ хийдэг. Монгол хүмүүс нь хагас чихэрлэг, зөөлөн амтыг илүү таашаадаг. Тиймээс бид хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлж тус бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж байна.

-Япон, Солонгос руу гаргана гэхээр өндөр шалгуурыг хангах ёстой. Тус улсуудаас ямар шаардлагыг тавьж байгаа вэ?

-Япон руу савлагааг нь өөрчилж гаргаж байна. Ихэвчлэн дарс хэлбэрээр явуулдаг. Бага, багаар гаргасаар байгаа. Японы хэрэглэгчид илүү энгийн, ойлгомжтой шошго, сав савлагаатай эрүүл мэндэд тустай, чанартай бүтээгдэхүүнд дуртай байдаг. Тиймээс дарсаа энгийн савлагаатайгаар гаргадаг. Харин Солонгос руу худалдаанд гаргахаар судалгааны ажлаа хийж байгаа. Бид тухайн улс орнуудын заасан хэмжээний шалгуурыг хангаж тус улсууд руу бүтээгдэхүүнээ гаргаж байна.

-Үнэ ханшны хувьд хэдэн төгрөгөөр борлуулагдаж  байгаа вэ?

-Бид нийтэд хэрэглүүлэхээр зорьж байна. Нэгжийн үйлдвэрийн үнэ 23 мянган төгрөгөөр дэлгүүрүүд рүү нийлүүлж байгаа.   Манай компани импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байхын тулд  үнийг нь арай хямд байлгахыг зорьж ажилладаг. Үйлдвэрлэсэн эхний жилдээ олон тоогоор үйлдвэрлэж чадаагүй. Төрийн байгууллагууд эхний жилүүдэд бүгд илүү их сонирхон худалдан авалт хийж дэмжиж байсан учраас борлуулалт сайн байсан. Энэ жилээс хүмүүс илүү мэдэж эхэлж байна. Тэр дундаа Монголд ажилладаг гадны  улсуудын Элчин сайдын яамд их авч хэрэглэдэг болсон. Тэд “Өөр газарт амсаж үзээгүй өвөрмөц  амт байна. Чацарганы оргилуун дарс анх удаа амсаж үзлээ.” гэж ярьдаг. Мөн хүмүүс гадагшаа бэлгэнд их авч явдаг. Бид жилдээ ойролцоогоор 20 мянган шил оргилуун дарсыг үйлдвэрлэж  байна. Түүнээс илүү хийх хүчин чадал одоогоор алга байгаа. Гадны орнуудад төрсөн өдрөөсөө эхлээд баяр бүр дээр оргилуун дарс  хэрэглэдэг. Харин манайд зөвхөн шинэ жилээр хэрэглэдэг гэдэг ойлголттой байдаг байсан хандлага нь өөрчлөгдөж байна.

-Ярилцсанд баярлалаа.