ХХААХЯ-ны Л.Чой-Иш, М.Энх-Амар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов

ХХААХЯ-ны Л.Чой-Иш, М.Энх-Амар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарт холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон үйлдэлд холбогдсон тэдний хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалан, прокурор, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, иргэний хариуцагч буюу зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, хохирогч ХХААХЯ-ныхныг оролцуулан хэлэлцсэн юм. Ингээд Л.Чой-Ишийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, М.Энх-Амарын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байв.

Харин энэ хэрэгт хяналт тавьсан НПГ-ын хяналтын прокурор нь анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэний дагуу өчигдөр давж заалдах шатны шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр боллоо. Л.Чой-Иш, М.Энх-Амар нар улсын төсвийн санхүүжилтээр ХХААХЯ-наас 2017, 2018 онд хэрэгжүүлсэн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн, малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд танил талаа шалгаруулсан хэрэгт холбогдсон юм. Гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийн захирал, найз Н.Болорчулууны аж ахуйн нэгжийг дээрх сонгон шалгаруулалтад шалгаруулах зорилгоор Л.Чой-Иш тендер шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Энх-Амарт нөлөөлсөн.

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан, өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн, малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах баримт бичгийн шаардлага хангаагүй “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийг шалгаруулан, 2017 оны арваннэгдүгээр сард Мал хамгаалах сангаас гурван тэрбум төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Тус сангаас авсан зээлийнхээ 1.2 тэрбумыг “Чансаа хан хөхий холдинг” компанийн удирдлага зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон аж. Мөн М.Энх-Амар нь найз Ж.Саруул болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “Ийствест ресурс”, “Бор банди групп”, “Эрхжин” ХХК-д хүүгүй зээл олгосон гэж буруутгагдсан билээ.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө