С.Оюун ИЗНН-ынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болжээ

С.Оюун ИЗНН-ынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болжээ

2024 оны сонгууль ойртсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюун Иргэний зориг ногоон намынхаа /ИЗНН/ үйл ажиллагаанд оролцож эхэлсэн гэх мэдээлэл байна. АН-ын гишүүн байсан УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг тус намын даргаар томилсон. Гэхдээ Б.Батбаатарын “томилгоо”-нд ИЗНН-ын дарга нарын нэг, бас гол хүн нь болох С.Оюун оролцоогүй аж. Ц.Ганхуяг нь түүнтэй зөвшилцөөгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын дарга нар зөрчилтэй байгаа гэж болно. Тиймээс С.Оюун намынхаа дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор зэхэж буй бололтой. 

Нөгөөтэйгүүр, хэдэн жил улс төрөөс хол явсан С.Оюун Монголд ирж, улс төрд орох болсон нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм. Тэрбээр 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд ахынхаа төрсөн өдрөөр хэвлэл, олон нийтэд “...2016 оны намар сард анх “...Энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа, хэргийн материалтай танилцаж болно” гэсний дагуу танилцаж байсан. Анхан шатны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сард болсон. Тэр үед “...Итгэл үнэмшилгүй байна” гэдгийг хэлж байсан. Гол нь бүх хавтаст хэргийг төрийн нууцад аваад, шүүх хурлыг хаалттай явуулсан. Тийм учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлсэн. Хамгийн гол нь “...Төрийн нууц” гээд яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. “...Энэ хэргийг нууцаас гаргах ёстой” гэж УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос шаардаж байсан. Харамсалтай нь энэ хэргийг гурван шатны шүүхээр шийдэж, хүмүүс шоронд орж хэлмэгдсэн гэж боддог. Хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хоёр, гурван жилийн өмнө Ц.Нямдорж гишүүн урагшлуулсан. Манай өмгөөлөгч ч анхнаасаа нууцаас гаргах шаардлагыг тавьж байсан. Нууцаас гаргаж байж “...Үндэслэл байна уу” гэдгийг мэднэ. Хэдийгээр материалыг нууцаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан ч прокурор дээр шат шатандаа хэрэгжиж дуусаагүй, үүнийг хэрэгжүүлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийг захиалсан, гүйцэтгэсэн хүнийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Бидний зүгээс сүүлдээ “...Хүнийг битгий хэлмэгдүүлээсэй” гэж боддог болсон” гэж байв.