ВИДЕО: С.Эрдэнийн хүргэн Т.Энхболдод зодуулж, хоёр удаа хагалгаанд орсон байхад Шүүхийн эмнэлгийн дүгнэлт "гэмтэл тогтоогдоогүй" гэж гарчээ

ВИДЕО: С.Эрдэнийн хүргэн Т.Энхболдод зодуулж, хоёр удаа хагалгаанд орсон байхад Шүүхийн эмнэлгийн дүгнэлт "гэмтэл тогтоогдоогүй" гэж гарчээ

АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн буюу Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Г.Энхболдод зодуулсан иргэн Т.Хаянхярваа хоёр удаа нүдний хагалгаанд орж, хараагаа 40 хувь алдсан байтал Шүүх эмнэлгийн дүгнэлт түүнээс "гэмтэл тогтоогдоогүй" гэж гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг асуудлыг Т.Хаянхярваатай ярилцлаа. 

ВИДЕО:

-Та тухайн үед юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Архангай аймаг руу намын ажлаар явж байх зуураа Өвөрхангай аймгийн Хархорин суманд буудаллаж, улмаар улс төрийн болоод үзэл бодлын ялгаанаас болж, маргаан үүссэн. Энэ нь даамжирч, зодоон болсон. Гэхдээ үүнийг шууд зодоон гэж хэлэхэд хэцүү. Шуудхан хэлэхэд би зодуулсан. Миний хувьд нэг ч хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй. Тухайн үед Баянгол дүүргийн Ардчилсан намын хүмүүс голдуу явж байсан бөгөөд Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн хүргэн, жолооч, туслахуудад нь намайг зодсон. Тэр дундаа С.Эрдэнэ даргын хүргэн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Г.Энхболд миний эрүүл мэндэд халдсан. Тэр хүн намайг гараараа цохиж, хөлөөрөө дэвслэн, модон сандлаар зодсон. Тэр үед би ухаан алдсан байсан юм билээ. Миний санаж байгаагаар "Ойртвол ална шүү" гээд байсан. Бодвол тэнд байсан хүмүүс салгах гэж оролдсон юм шиг байгаа юм. Гэтэл Г.Энхболд "Ойртсон хүнийг нь цуг ална шүү" гээд л орилоод байсан. Би үүнийг л санаж байна. Харин ухаан орсны дараа энд тэндгүй хөх няц болж, нүд харах боломжгүй болсон. Тиймээс би яаралтай хотод гэртээ ирж, эрүүл мэндийн байгууллагад хандсан. Тухайн үед улсын эмнэлэгт үзүүлэх гэхэд дараалал их байсан учраас "Гранд мед" эмнэлэгт үзүүлж, яаралтай хагалгаанд орсон. 

-Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд танд ямар гэмтэл гарсан байсан бэ?

-Эмч нарын болон томографийн дүгнэлтээр хамрын яс баруун тийшээ хугарсан, нүдний аяган яс хоёр газраа цөмөрсөн, хавирга гэмтсэн байсан. Мөн тархи, дагзны хэсэгт хүнд зүйлээр цохиулсан байж болзошгүй  хавантай цохиулсан гэмтэл байна гэсэн дүгнэлт гарч, яаралтай хагалгаанд орох заалттай гээд хагалгаанд орсон. 

-Нүдний аяган яс хоёр газраа цөмөрсөн, хавирга гэмтсэн гэхээр нэлээд ноцтой гэмтсэн байх нь ээ? 

-Тийм. Зүүн нүдний доод талын аяган яс 2*1.4, харин дээд тал нь 1.1*0.5 см цөмөрсөн байсан. Тиймээс зургаадугаар сарын 13-ны өдөр яаралтай хагалгаанд орсон. Мөн хавирга цуурсан. Намайг ухаан алдах үед "наадах чинь ухаан алдчихлаа" гээд өшиглөөд сэрээхдээ хавирга гэмтээсэн юм шиг байгаа юм. Би үүнийг бол өөрөө сайн санахгүй байгаа. 

Т.Хаянхярваа

-Та зодоон болсны дараа шууд Улаанбаатар хотод ирсэн гэсэн. Тухайн үед зодуулсан хүмүүстээ хандсан уу. Тэд үүнийгээ хэрхэн тайлбарласан бэ?

-Би намайг зодсон хүмүүст хандсан. Гэтэл С.Эрдэнэ "Одооны залуучууд зодоон хийчхээд гомдол санал гээд яваад байдаг болсон байна. Бидний үед ийм байгаагүй" гэж хэлсэн. Энд давхар намын асуудал хөндөгдөх учраас би тухайн үед олон нийтэд хандаагүй. Харин хууль хүчний байгууллагад хангаад гомдол саналаа шийдвэрлүүлье гээд гомдлоо гаргаад явж байсан. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт байцаагч нь шинжээч эмчийн дүгнэлтээр "гэмтлийн зэрэг тогтоогдоогүй" гэдгийг танилцуулсан. 

-Дээрх хэлсэнчлэн тийм их гэмтэлтэй байхад гэмтлийн зэрэг гараагүй гэдэг нь анхаарал татаж байна. Та тухайн үед хувийн эмнэлэгт үзүүлээд Шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм уу?

-Үзүүлэлгүй яах вэ. Би шүүх эмнэлэгт үзүүлэх үед миний бие маш хүнд, нүд хөх няц, гар хуруу хөхөрч хавдсан байсан. Мөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон шинжилгээний хариунуудыг үзүүлсэн. Гэтэл гэмтлийн зэрэг тогтоогдоогүй нь үнэхээр анхаарал татсан. Тиймээс ч байцаагчаасаа яагаад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болохыг лавлахад "Би мэдэхгүй. Шинжээч эмчдээ гомдол гарга" гэж хэлсэн. Тиймээс шинжээч эмчийн дүгнэлтэд гомдол гаргасан. Гэтэл энэ гомдлыг маань хүлээж авахгүй, маргааш нь миний зодуулсан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлсэн гэдгийг мэдэгдсэн.

-Шүүх эмнэлгийг дүгнэлтийг танилцуулсан даруйдаа хэргийг хаахаар болсон гэдгийг мэдэгдсэн гэхээр нэлээд хурдан шийдэх гэж байжээ. Энэ хэргийг?

-Хэргийг маш хурдан шийдэх гэж байсан. Харин би энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэхээр нь хүлээн зөвшөөрөхгүй олон нийтэд хандаж, лайв мэдээлэл хийсэн. Гэтэл үүний дараахан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх зурвас ирсэн. Хэрэв би энэ хэргийн талаар лайв хийж олны анхааралд оруулаагүй байсан бол яах байсан бол мэдэхгүй байна. Миний зүүн нүдний хараа 40 хувь алдсан. Энэ нь дахин сэргэх боломжтой эсэхийг эмчээс лавлахад "Гэмтлээс үүдсэн хараа алдалт учраас хараа тэглэх хагалгаанд орох боломжгүй" гэдгийг хэлсэн. Товчхондоо би тал сохорсонтой ялгаагүй болоод байгаа. 

-Тэгэхээр энэ бүхэнд улс төрийн гэдэг юм уу ямар нэгэн нөлөө орсон гэж та хардаад байна уу?

-Шуудхан хэлэхэд тийм. Учир нь зургаадугаар сарын 8-ны өдөр гарсан дүгнэлтийг яагаад надад зургаадугаар сарын 22-ны өдөр танилцуулав, үүнийхээ дараа яагаад хэргийг ийм хурдан хаах саналыг прокурорт хүргүүлэв гэдэг нь хардлага төрүүлж байна. С.Эрдэнэ гэдэг хүн угаасаа хууль хүчний байгууллагын хүмүүстэй маш ойрхон харилцаатай байдаг. Тэрбээр Дарханы элеваторын хэрэг, Нийгмийн даатгалын сангийн хэрэг гэх мэт маш олон хэрэгт нэр холбогддог ч дандаа буруугүй болж гарч ирдэг. Энэ нь түүний ард хууль хүчний байгууллагын эрх мэдэлтэй хүмүүс байна гэдгийг илтгэж байгаа хэрэг. Миний зодуулсан хэрэгт ч түүнийг нөлөөлсөн байж болзошгүй гэж би хардаж байна. Учир нь ил тод ийм болтлоо бэртсэн байхад шүүх эмнэлгийн дүгнэлт гэмтэлгүй гэж гаргасан нь шинжээч эмч илт хууль зөрчиж, илт нэг талд үйлчилсэн гэж би шууд хардаж байгаа. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил, албан тушаалтны дарамт орж ирсэн байж болзошгүй байгаа учраас би өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд хэвлэл мэдээлэлд хандаж байгаа нь энэ.

Т.Хаянхярваа

-Хаах гэж байсан энэ хэрэгт одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна гэж ойлголоо. Хэрэг хэрхэн шийдэгдэх байх гэж бодож байна вэ?

-Хуулийн байгууллага хуулийн дагуу зохих журмынх нь дагуу асуудалд хандах ёстой. Үгүй бол ард түмний дунд нэр хүндээ алдаад дууслаа. Хэн ч харсан ойлгомжтой гэмтэлтэй байхад гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргаад, манай талын гэрчүүдээс мэдүүлэг авахгүйгээр маш хурдан хаах гэж байсан. Гэтэл лайв хийгээд удаагүй байтал л хэрэг нээхээр болсон гэх зурвас илгээж байгаа нь С.Эрдэнийн нөлөө гэж хардахаас өөр арга байхгүй. Хуулийн байгууллагынхан эрх мэдэлтэй хүмүүст үйлчилж, ийм байдлаар хэрэг шийдвэрлэж байгаад үнэхээр харамсаж байна. Тиймээс цаашид хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгөөч гэж гуйж байна.