Ж.Бат-Эрдэнэ: Үнэн, худлыг дэнслэхэд хүний амьдралын маш их цаг хугацаа шаардагддаг юм байна

Ж.Бат-Эрдэнэ: Үнэн, худлыг дэнслэхэд хүний амьдралын маш их цаг хугацаа шаардагддаг юм байна

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг холбогдуулан хийсэн анхны шүүх хурал 47 хоног үргэлжилсний эцэст өнөөдөр /2023.06.26/  гэм буруугийн дүгнэлтийг гаргалаа. Энэ үеэр шүүхээс Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Ж.Бат-Эрдэнэ нь 2018 онд Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүнээр ажиллаж байхдаа  “Мондулаан трейд” ХХК-ийн Төв аймгийн Заамарт орших зүүн Шандын амны алтны шороон орд ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг олгох шийдвэрийг гаргасан учраас шалгагдаж, шүүгдсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр шүүхээс гаргасан шийдвэрийн талаар байр, сууриа илэрхийлээ.

Тэрбээр “Тухайн үед “Хөгжлийн банк”-аас авто зам, төмөр зам мөн агаарын тээвэр зэрэг чиглэлд төсөл хэрэгжүүлдэг байсан. Энэ төсөл хөтөлбөрүүдэд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан учраас салбартаа хэрэгжүүлэх төслийг танилцуулах, дэмжүүлэх, хамтарч ажиллах бодлогыг барьж байсан. Тиймээс 2000 он болон 2015 оны хоёрдугаар сараас эхлэн 2018 оны наймдугаар сарыг хүртэл тус банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажилласан. Энэ хугацаанд маш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан. Түүнээс гурван хэрэгт буруутгагдаж шүүгдэж оролцсон.

Энэ нь “Монгол сүү хөтөлбөр болон “Мондулаан” алт олборлох төсөл байсан. Нөгөөх нь “Бэрэн” компанийн эргэлтийн хөтөлбөртэй холбоотой зээл байсан. Эдгээр асуудлуудаар шүүх бүрэлдэхүүнд дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн.

“Хөгжлийн банк”-тай холбоотой асуудлууд нийгэмд сенсааци болж, шүүх хурал нээлттэй явагдлаа. Шүүх бүрэлдэхүүн асуудлыг олон талаас нь авч үзсэний эцэст өнөөдөр шийдвэрээ гаргаж байна. Надтай холбоотой хэрэг хэрэгсэхгүй боллоо. Нэг талаас баярлаж байна. Нөгөө талаасаа үнэн, худлыг дэнслэхэд хүний амьдралын маш их цаг хугацаа шаардагддаг юм байна. Худал уул давж байхад үнэн  гутлаа өмсөж байдаг гэх үг бий.  Тиймээс хүний хувь заяатай холбоотой асуудалд бүх талаар бодож оролцмоор юм байна даа” гэлээ.  

ҮЗЭХ

Д.Чимэддулам




Өнөөдөр хонь өдөр

14 цагийн өмнө