ТОДРУУЛГА: Амиа алдсан оюутан цэрэг 1,2 км газрыг туулах явцдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдээд нас баржээ

ТОДРУУЛГА: Амиа алдсан оюутан цэрэг 1,2 км газрыг туулах явцдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдээд нас баржээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд цэрэгт татагдаад дөрөв хоносон хүү ЗХЖШ-ын 119 дүгээр ангид нас барсан хэрэг гарсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 00 цаг 40 минутад “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутын үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар кросс гүйлт хийх үед 1,2 км газрыг туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгснийг салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна. Амь хохирогч амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрийн 18 цагийн үед амь насаа алдсан байна. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.