Баянгол дүүргийн АН-ын дарга, тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн Н.Болдбаатар Баянгол дүүрэгт үүсээд буй засаглалын хямралтай холбоотойгоор мэдэгдэл хийжээ.
Тэрээр мэдэгдэлдээ "2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд Баянгол дүүрэг дээр МАН бүх шатандаа засагласан. Ингээд Баянгол дүүрэг дээр МАН дураараа дургиж эхэлсэн. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хэрэгцээгүй зүйлд асар ихээр зарцуулсан. Ганц нэгхэн жишээ дурдахад дүүргийн төсвийн хөрөнгөнөөс олон сая төгрөгөөр чихэр авч, нэр бүхий хүмүүсийг Дубай руу төсвийн хөрөнгөөр явуулсан.
Ардчилсан нам засаглаж байх үед бүтээн байгуулж буй болгосон эрүүл мэндийн төвүүд, эмнэлгүүдийн үйл ажиллагааг доголдуулж, иргэд үйлчүүлж чадахгүй хэмжээнд хүрлээ. Үүнээс болж Баянгол дүүрэгт хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн байх жишээтэй.
Ингээд сөрөг хүчний хувьд Ардчилсан намаас асуудал дэвшүүлж 2022 онд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсан байдаг. Харамсалтай нь тухайн үед Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд 2023 оны 3 сард ахиад Ө.Сумъяабаатарыг огцруулсан. Үүнээс хойш энэ асуудлаар шүүх дээр маргаан үүссэн. Өнөөдрийг хүртэл Баянгол дүүрэг Засаг даргагүй байна. Баянгол дүүргийн МАН-ын дотоод зодоон даамжирч, хэнийг засаг дарга болгох вэ? гэдэг асуудлаас болж Засаг даргын тамгийн газар, иргэдийн хурал гэж хоорондоо талцаж, ирцээ бүрдүүлж, хурлаа хийж чадахгүй олон сар өнгөрлөө. 2023 оны 4 сарын 17-нд иргэдийн хурлаа хуралдуулах шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл хуралдуулж чадахгүй байна. Хуульд зааснаар буюу 2 сарын дотор хуралдуулж чадахгүй бол Баянгол дүүргийн иргэдийн хурал тарах ч асуудал үүсч мэдэхээр боллоо.
Мөн нэг ноцтой асуудал нь 2020 оноос хойш 3 жилийн хугацаанд бүх хороод иргэдийн хурлаа хийгээгүй. Үүнээс болж хороодын Засаг дарга нар үүрэг гүйцэтгэгч гэдэг статустай ажиллаж байгаа нэр зүүж байна. Дүүрэг, хороодын ажил эмх цэгцгүй болж, албан хаагчид нь байнга солигддог болсон. Баянгол дүүрэгт хийсэн аудитын дүгнэлт дээр асар их хэмжээний зөрчил илэрсэн. Энэ зөрчил болон бусад асуудлаар удаа дараа АТГ болон бусад хууль хяналтын байгууллагад хандсан боловч шийдвэрлэж өгдөггүй. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсан асуудал дээр тус дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар “Би дарга нартай ярьчихсан. Засаг даргыг огцруулахгүй” гэдэг яриа нь хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тарсан шүү дээ.
Маргааш буюу 2023 оны 6 сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дээр иргэдийн төлөөлөгчийн нөхөн сонгууль болох ёстой байсан боловч иргэдийн хурлаа хуралдуулж чадахгүй байгаагаас үүдэн уг нөхөн сонгууль явагдах боломжгүй болсон.
Олон мянган иргэд төлөөлгүй болж, асуудлаа шийдүүлж чадахгүй ноцтой үр дагавар дагуулж байна. Эзэнгүй Баянгол дүүрэг нөхөн сонгуулиа ч хийж чадахгүй байна. Баянгол дүүргийг МАН "Баянхог" дүүрэг болгочихлоо. Сөрөг хүчний хувьд Ардчилсан намын гишүүд, төлөөлөгчид Баянгол дүүргийн үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалахыг шаардаж, хууль хяналтын байгууллагад хандаж, эцсээ хүртэл тэмцэх болно гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.