ШУУРХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатар Орост, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад энэ сард айлчлал хийж магадгүй байна

ШУУРХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатар Орост, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад энэ сард айлчлал хийж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр урд хөрш БНХАУ-д ажлын айлчлал хийх гэж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2023.06.14/ мэдээлэл хийсэн. 

Тэрээр Ерөнхий сайдын айлчлалаар олон асуудал шийдэгдэх ба айлчлалын тов нууц байгаа гэж мэдэгдсэн юм. Харин зарим эх сурвалжууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлал энэ сарын 26 /2023.06.26/-ны өдөр эхэлнэ гэж мэдээлж байгаа юм. Тус айлчлалаар манай нүүрсний экспортын асуудал яригдаж магадгүй байна. Учир нь манай улс Тавантолгойн нүүрсийг биржийн үнээр худалдаалах бодлого барьж эхэлсэн нь экспортод сөрөг нөлөө үзүүлсэн гэх мэдээллийг өгч байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар мөн энэ сар /2023.06/-д хойд хөрш ОХУ-д айлчлал хийж магадгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн асан М.Зоригт “танай УИХ-ын дарга манайд ирэх гэж байна гээд орос найз ярьж байна” гэсэн мэдээллийг твиттер хуудастаа бичжээ. 

Тус мэдээллийг талаар бид зарим эх сурвалжаас тодруулахад, "үгүйсгэсэнгүй". Хэрэв УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилсан тохиолдолд хоёр улсын хоорондын төсөл, хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурагдахгүй, харин уламжлалт харилцаагаа хадгалсан бэлэг тэмдэг төдий айлчлал болж магадгүй юм. Учир нь олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед Засгийн газраас “нэг цонхны бодлого"-ыг хатуу барьж байгаа.

Мөн хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гэсэн гурван албан тушаалтан л Монгол Улсыг төлөөлж гадаад оронтой гэрээ байгуулж гарын үсэг зурах зохицуулалттай. Товчхондоо, УИХ-ын дарга улсаа төлөөлж гадаад улс оронтой гэрээ байгуулах нь хуулиар хориотой. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д айлчлал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын талаар хоёр талын албан ёсны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна.  




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө