“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ЭЦА, АТГ-аас удирдах албан тушаалтнуудыг нь шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлж байсан.
Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр хэргийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүхийнхэн урьдчилсан хэлэлцүүлгийг нь лхагва гарагт товлоод байна. “Чингис хаан” банкны ТУЗ-ийн албан тушаалтан, хөрөнгө оруулагч Б.Батхүү болон гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байсан С.Сандагдорж нарыг НПГ-аас яллагдагчаар татаад байгаа юм. Тодруулбал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Сандагдоржид Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн бол Б.Батхүүд дээрх зүйл ангиас гадна Тэрэлж дэх “Red rock” амралтын газарт загвар өмсөгч С хэмээх 27 настай бүсгүйг согтуудаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.
“Чингис хаан банк”-ны удирдах албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий, Хөгжлийн банкны зээлдэгч “Вестерн холд” компанийн олон сая ам.долларын гүйлгээг бүрэн шилжүүлээгүй хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, “Вестерн холд” ХХК-ийнхан “Чингис хаан” банк дахь данснаасаа 2019 оны арванхоёрдугаар сард 10 гаруй сая ам.долларыг БНХАУ-ын “Нингбо” гэх банк руу шилжүүлэх хүсэлт гаргаж, төлбөрийн даалгавар бичсэн байдаг. Гэвч түүнийг нь бүрэн шилжүүлэлгүй 2019 оны сүүлч, 2020 оны эхний өдрүүдэд гурван сая гаруй ам.долларыг БНСУ-ын “Күүкмин” банкаар дамжуулан шилжүүлсэн гэнэ. Харин үлдсэн 6.4 сая ам.долларыг нь өөр гүйлгээнүүдэд зарцуулж, эргэлтэд оруулсан хэрэгт “Чингис хаан” банкны удирдлагыг буруутгаж байгаа юм.