"Англи хэлийг хуульчилж, бага ангис нь заах"-ыг Оросын элчин асан И.Азизов эсэргүүцэж "бензинээ 10 мянган төгрөгөөр аваарай" гэж сүрдүүлж байжээ

"Англи хэлийг хуульчилж, бага ангис нь заах"-ыг Оросын элчин асан И.Азизов эсэргүүцэж "бензинээ 10 мянган төгрөгөөр аваарай" гэж сүрдүүлж байжээ

Монгол Улсыг боловсролын салбартаа шинэчлэл хийхийг эсэргүүцдэг орнуудын нэг бол ОХУ байж магадгүй байна. Тухайлбал, ОХУ-ын элчин сайд асан И.Азизов “Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирлаар ОХУ-ын иргэнийг томил” гэх агуулга бүхий түрэмгийлсэн захидлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хүргүүлж байв. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “ОХУ-аас энэ сургуулийн захиралд ийм хүнийг нэр дэвшүүлж байна гээд орос иргэний нэрийг бичсэн түрэмгийлсэн захидал ирсэн. Энэ бол увайгүй үйлдэл. Тиймээс би ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, "Би Буриадын Боловсролын сайд биш. Би тусгаар тогтносон Монгол Улсын Боловсролын сайд гэж хэлсэн” хэмээн мэдэгдэж байв.

-И.АЗИЗОВ ШИРҮҮН МАРГААН ҮҮСГЭЖ, БҮДҮҮЛЭГ ТУЛГАЛТ ХИЙСЭН Ч МАНАЙ ТАЛААС ТУСГААР ТОГТНОСОН УЛС ГЭДГЭЭ САНУУЛСАН БАЙНА -

Тэгвэл УИХ-аар одоо хэлэлцэгдэж буй "Боловсролын багц хууль"-ийг боловсруулах үеэр элчин сайд асан И.Азизов мөн л оролцож, дипломат ёсонд баймгүй бүдүүлэг тулгалтыг хийж байсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” гэх заалтыг Боловсролын багц хуульд оруулж буйг мэдсэн И.Азизов хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэнтэй уулзаж байжээ.

Энэ үеэр тэрбээр “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл хэмээн Боловсролын багц хуульдаа оруулж болохгүй. Үүнийг ОХУ эсэргүүцэж байна. Хэрвээ тус заалтыг хуульчилж өгвөл шатахуунаа литр тутмыг нь 10 мянган төгрөгөөр худалдаж авах эрсдэлтэй тулна шүү” хэмээн сүрдүүлж байсан гэх мэдээлэл байна.

Харин БШУЯ-ныхан “Монгол бол тусгаар тогтносон улс. Бид Боловсролын хуульдаа ямар заалт оруулахаа өөр улсаас асуухгүй. Энэ бидний асуудал” зэргээр сануулж, эцэстээ хэрүүл маргаандаа тулан, салж байжээ. Энэ маргаан зөвхөн үүгээр зогсохгүй үргэлжилж, И.Азизовыг нутаг буцаахад нь  ч нөлөөлсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. 

-И.АЗИЗОВ НЬ МОНГОЛ УЛСЫН ДОТООД АСУУДАЛД ХЭДЭНТЭЭ ОРОЛЦОЖ БАЙВ -

Ташрамд дурдахад, Монгол Улсад есөн жил суусан ОХУ-ын Элчин сайд И.Азизовын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дуусаж, эх орон руугаа буцсан билээ. И.Азизовын хувьд Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монголын дотоод асуудалд хэд, хэдэн удаа оролцож олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм.

Тухайлбал тэрбээр,

  • УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн онд (2022.01.20) түүнийг хүлээн авч уулзсан байдаг. Энэ үеэр И.К.Азизов "Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой" гэж хэлсэн. Энэ тусгаар улсын парламентын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын мэдээллийг авахыг хүссэн үйлдэл болж иргэдийн дургүйцлийг хүргэсэн.
  • ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас өнгөрсөн жил /2022.03.24/-т албан ёсны фейсбүүк хуудаст “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтэлсэн байдаг. Улмаар эл үйлдэл нь мөн монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч, Монголын Гадаад харилцааны яам тус мэдээлэлд эсэргүүцэл илэрхийлж, нот бичиг илгээсэн гэгддэг. Мөн нийтэлсэн мэдээллээ фейж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "дуудаж" уулзсан гэх албан бус мэдээлэл бий.
  • Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотод парад зохион байгуулсан. Хэдгээр тус улсын Элчин сайдын яамнаас уг жагсаалыг Ялалтын парад хэмээн нэрийдэж байсан ч үүнийг иргэдийг дайныг дэмжсэн жагсаал хийсэн хэмээн эсэргүүцсэн. Энэ талаар Олон улс судлаач П.Наранбаяр “Ялалтын парадыг манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам өмнө хийдэггүй байсан. Энэ жил хийж байгаа нь улс төрийн зорилготой гэж харж байна” хэмээсэн юм.
  • Эрхүү мужийн Хууль тогтоох чуулганд тус мужийн парламентын дарга А.Ведерников, ОХУ-аас Монгол Улсад Оросоос суугаа элчин сайд И.Азизовыг энэ оны долдугаар сарын 19-ны өдөр /2022.07.19/хүлээн авч уулзсан. Энэ үеэр Элчин сайд И.Азизов Монгол Улсын парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлэх талаар ярьсан байдаг. Энэ нь мөн л Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон үйл явдал гэдгийг учир мэдэх хүмүүс тодотгодог.



Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө