Г.Сайханбаяр: Г.Жуковын хөшөөний өмнө болсон жагсаалд Батлан хамгаалах яам оролцоогүй

Г.Сайханбаяр: Г.Жуковын хөшөөний өмнө болсон жагсаалд Батлан хамгаалах яам оролцоогүй

Маршал Г.Жуковын хөшөөний өмнө өчигдөр /2023.05.07/ жагсаал болж, энэхүү жагсаалыг зохион байгуулахад Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүллээ гэсэн мэдээлэл цацагдсан юм.  Энэ асуудалтай холбогдуулж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө. 

-Улаанбаатар хотод өчигдөр болсон жагсаалыг Батлан хамгаалах яам дэмжиж оролцлоо гэдэг мэдээлэл цацагдаад байна?

-Дайнд амь үрэгдсэн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилгоор олон нийтийн байгууллагын төлөөллөөс тавдугаар сарын 4-нд Батлан хамгаалах яаманд хүсэлт тавьсан. Хүсэлтэд "Бид амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал зохион байгуулах гэж байна, жагсаалд дэмжлэг үзүүлээч, хөгжим гаргаж өгөөч, хүн хүч гаргаж өгөөч" гэсэн.

Өнөөдөр дэлхийн бүс нутгийн байдал, цэрэг улс төрийн байдал амаргүй, хүндхэн сорилтын дунд дэлхий нийтээрээ амьдарч байна. Монгол Улс ч ялгаа байхгүй, тэр тусмаа хойд хөрш Европт дайн байлдаантай үед олон нийттэй хамтарч арга хэмжээ зохион байгуулах нь зохисгүй гэж үзээд хамтарч оролцоогүй.  Харин тавдугаар сарын 7-нд олон нийтийн сайн дурын байгууллага энэ жагсаалыг зохион байгуулсан. Офицеруудын ордны өмнө хүмүүсээ цуглуулж, жагсаал зохион байгуулсан. Бэлтгэл чөлөөнд байгаа офицер, ахлагч нар цөөн тоогоор оролцсон. Энэ бол төрийн байгууллага биш, төрийн албан хаагч биш. Олон нийтийн байгууллагын гишүүнчлэлтэй, цэргийн зарим албан хаагч нар оролцсон үйл ажиллагаа байсан гэдгийг тодруулж хэлье.

Нөгөө талаар аливаа асуудлыг туйлшруулах, талцал хуваагдлыг бий болгох, хэт нэг талыг барих нь маш эмзэг. Ялангуяа гадаад харилцааны нөхцөл байдал, аюулгүй байдал сорилтын өмнө  байгаа үед ард иргэд ухамсартай, болгоомжтой, мэдрэмжтэй хандахыг хүсч байна. Зарим нэр нөлөө бүхий нийгмийн танил хүмүүс энэ асуудал дээр “Батлан хамгаалах яам оролцож байна, гадаад улсад айлчлалаар явж байгаа Ерөнхийлөгчийн эзгүй үед Засгийн газар нь Батлан хамгаалах яам нь ийм жагсаал зохион байгуулж буй нь зөв үү, буруу юу” гэдэг" барьцгүй худал мэдээлэл тараасан нь зохимжгүй үйл явдал болсон. Хоёр улс найрамдалт харилцаатай орны хувьд дипломат харилцаа хэвээрээ.  Жил бүрийн тавдугаар сарын 9-н ойртохоор иймэрхүү талцал хуваагдлыг бий болгодог, төрийн болон төрийн бус байгууллагын хоорондын асуудлыг олон нийтийн болгодог, нэг тал руу нь туйлруушлдаг асуудал байсаар байна гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна.

Батлан хамгаалах яамнаас Ялалтын баяртай холбоотой асуудал дээр дипломат харилцааны тухай бодлогоо л баримтална. Олон түмэн үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Тэр тусмаа ардчилсан Монгол оронд иргэд нь үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх нь  чөлөөтэй. Харин төрийн байгууллагыг энэ асуудалд оруулах,  дур мэдэн санаа таамгаараа Засгийн газрын аливаа асуудалд нөлөөлөхийг оролддог, тэрийгээ олон түмэн рүү турхирдаг асуудлыг битгий гаргаасай л гэж хүсэх байна.

-Уг жагсаалд Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим оролцсон нь өөрөө улс төрийн зорилготой юм биш үү. Хэн захиалсан юм бэ гэдэг асуудал гарч байна?

-Энэ жагсаалд Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим юм уу, Зэвсэгт хүчний анги салбарт байгаа цэргийн албан хаагчдын, төрийн байгууллагын цэргийн хөгжмийн бүрэлдэхүүн оролцоогүй.  Энгийн хувцастай цөөн тооны үлээвэр хөгжимчид жагсаалд оролцсон байсан. Орос, Украйны цэргийн ажиллагаа, дайн байлдааны процесс эхлэхээс өмнө буюу Монгол, Орос хоёр орны найрамдалт харилцаа хэвийн байх үед Ялалтын баяр нь бид нарын бахархлын найрамдалт, дипломат ёс жаягийн чухал арга хэмжээ байлаа. Өнөөдөр хоёр улсын хооронд дайн байлдаан болж байна. Үргэлжилсэн удаан хугацааны цэргийн ажиллагаа, дайн байлдааны процесс явж байгаа энэ цаг үед иргэд маань олон нийтийн байгууллага маань цэрэг улс төрийн асуудал дээр дотоод Монгол Улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдал дээр маш ухаалаг байх хэрэгтэй юм.  Аль нэг улсын далбааг нь барьж жагссанаар нэг нь Украйны талыг дэмжигч, нөгөө нь дайныг эсэргүүцэгч болоод Орос, Украйны эсрэг яваад байгаа асуудал биш. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг буруугаар ашиглаж байгаа, мушгиж байгаа явдал юм. Сошиал бол Монгол Улсын хувьд маш эмзэг асуудал. Энэн дээр төрийн байгууллагын зүгээс албан ёсоор тайлбар хийх ёстой гэж үзэж, мэдээлэл өгч байна.

-Жил бүрийн тавдугаар сарын 9-нд тохиодог Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэх вэ?

-Ялалтын баяраар уламжлал ёсоор цэцэг өргөх ажиллагааг зохион байгуулна. Энэ бол аугаа эх орны дайны ялалт буюу Дэлхийн II дайнд хүн төрөлхтөн ялсны баярын өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс орон тэмдэглэж байгаа.  Түүний нэгэн адил Монгол Улс  цэцэг өргөх хэмжээнд хүндэтгэл үзүүлээд тэмдэглье гэсэн шийдэлтэй байгаа.