Д.Ганбат: Намайг танкчингаар нь дуудаад. Сумын төвд жижүүр хийж байгаад Ерөнхий сайд болно гэдэг бас л мундаг шүү дээ /ВИДЕО/

Д.Ганбат: Намайг танкчингаар нь дуудаад. Сумын төвд жижүүр хийж байгаад Ерөнхий сайд болно гэдэг бас л мундаг шүү дээ /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.05/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

ВИДЕО: 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газраас оруулж ирлээ. 152 гэдэг тоо хаанаас гарч ирсэн тоо вэ. Хэр үндэслэлтэй вэ.  Яагаад 76:76 гэсэн хувилбарыг оруулж ирж байгаа юм. Улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх юм. Үндсэн хууль бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ, алганд багтсан эх орон гэж ярьдаг. Хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баахан “давхар дээл”-тэй сайдтай болсон. Давжаа парламентад нэх том Засгийн газартай болчихсон. Энэ алдаагаа засахын тулд энэ төслийг оруулж ирж байна гэж ойлгож байна. Би ванга шиг хэлчихье. Энэ өөрчлөлтөө хийхдээ хэр итгэл үнэмшилтэй байна вэ. Хэрвээ энэ өөрчлөлтийг баталж чадахгүй бол та бүхэн хариуцлага хүлээнэ. Юун 2008 оны долдугаар сарын 1. Магадгүй үүнээс дор юм болж магадгүй. Өнгөрсөн 8 жил та нар 65 суудалтай байсан мөртлөө Монголын ард түмнийг хүсээд байгаа шиг нь амьдруулж чадсангүй. Өнөөдөр болж, бүтэж байгаа юм хаана байна. Баахан хулгайч, дээрэмчидтэй л ноцолдож байна. Хулгай хийж ард түмнийг хохироодог, Хулгайчтай хариуцлага тооцохгүй байж бас ард түмнийг хохироодог.Өнгөрсөн 8 жилд Азийн гөлөг улс байсан. Ирэх жилүүдэд Азийн хөлөг улс болж чадах юм уу” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний асуултад хариулахдаа “Авлигын хэрэг гээд яривал олон зүйл нь төвөгтэй нөхцөл байдалтай тулна. Танайхантай илүү холбоотой. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг үрэн таран хийчихсэн 10 гаруй жилийн алдааг засах гэж ийм хугацаа орж байна. ДНБ 10 мянган ам.доллар болгох зорилт тавиад хамтдаа зүтгэмээр байгаа юм. Ийм агуулгаар хандаасай. Танкчин хүний хувьд эх оронч байгаад, аливаа асуудалд ул суурьтай хандаад яваарай” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Намайг танкчингаар нь дуудаад. Би тэгэхээр нь сумын төвд жижүүр хийж байгаад Ерөнхий сайд болно гэдэг бас л мундаг шүү дээ гэж хэлмээр байгаа юм. Та 62 суудалтай намын дарга, Ерөнхий сайд. Энэ өөрчлөлтдөө итгэлтэй байна уу. Хэрвээ өргөн барьснаар чинь батлагдахгүй тоо, тогтолцоо чинь өөрчлөгдвөл дахиад нөгөөхөө ярих уу. “Үүнээс болоод болсонгүй, та нар баталж өгөхгүй байсаар байгаад ийм болгочихлоо. Судалж, уншиж оруулж ирж байхад та нар баталсангүй” гэх юм биш биз дээ. Та нарт 62 кноп байна. Юу дуртайгаа хийх ёстой шүү дээ. Дараа нь хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Энэ өөрчлөлтөө хийж чадахгүй бол 2024 оны сонгуулиар МАН арчигдана, байхгүй болно. Та  ярьж байхдаа АН гээд л оруулаад ярилаа” гэсэн юм.