ЧУУЛГАН: Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг таван хоног завсарлууллаа

ЧУУЛГАН: Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг таван хоног завсарлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны тавдугаар сарын 05-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.

Боловсролын ерөнхий хуулиар багш нарын эдийн засаг, нийгмийн баталгааны асуудлаар тодорхой зохицуулалт орж байгааг Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням дурдаж, тухайлбал, хотын захын дүүрэг, алслагдсан сумын сургуулийн багш нарт тасралтгүй ажилласан эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож, уг урамшууллы цаашаа гурван жил тутам олгох, мөн 15 жилээс дээш тасралтгүй ажилласан багш, ажилтнуудын нэг хүүхдийг төрийн өмчит сургуульд үнэ төлбөргүй сургах тухай зохицуулалтуудыг тусгасан гэсэн юм. 

Улмаар хэлэлцэн буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдагдсан зарчмын зөрүүтэй 76 санал тус бүрээр санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад зарчмын зөрүүтэй саналууд дээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн болон Засгийн газрын гишүүд ойлголт, саналаа нэгтгэх шаардлагатай болсон тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан горимын саналын дагуу хэлэлцүүлгийг таван хоногоор завсарлуулав.