БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш Баян-Өлгий аймагт айлчилж байна. Түүнийг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга Али Өзгүн Өзтурк, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нарын албаны хүмүүс дагалдаж явна.
Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавал, Засаг даргын орлогч Х.Арман нар хүлээн авч уулзав. Энэ үеэр аймгийн удирдлагууд Элчин сайдыг тус аймагт хүрэлцэн ирж ажиллаж байгаад болон Турк Улсын ТИКА байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ.
Мөн цаашид ТИКА-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.
ТИКА-гийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга Али Өзгүн Өзтурк тус байгууллагын хөрөнгө оруулалтаар барьж буй Толбо сумын Эрүүл мэндийн төвийн эхийн амрах байрыг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангахаар болсныг дуулгалаа.