Өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” Улсын дээд шүүхийн тогтоол гарсан ч, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ тус шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүх зэрэг хууль хэрэгжүүлэх байгууллагад хандаад байв.
Гэтэл гэнэт л С.Зориг агсны төрсөн өдрөөр буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20 /2023.04.20/-ны өдөр С.Эрдэнэ, “АН-ын даргаар Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч” тус намын тамгыг нь хүлээлгэн өгсөн. Харин олон жил маргалдсан маргаандаа цэг тавихад С.Эрдэнэд юу нөлөөлөв, түүнийг АН-ын удирдлагуудтай “ямар тохироо хийв” гэдэг нь олон хүний анхаарал татаж байсан.
-АН-ЫН ТАМГААР ТОХИРСОН АН-ЫН АЛБАН ТУШААЛД С.ЭРДЭНЭ ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСЭЭ ТОМИЛОХ БОЛОЛТОЙ-
Тэгвэл түүнийг АН-ын тамгыг өгөхөд зарим зүйл нөлөөлсөн бололтой. Тодруулбал, АН-ын удирдлагууд С.Эрдэнэд байсан тус намын тамгыг хүчингүй болгуулахаар УБЕГ-т хандсан байж. Нөгөө талаар С.Эрдэнэ АН-ын нэг дэд дарга, нэг нарийн бичгийн дарга, хоёр нэгж буюу Архангай аймаг болон Баянгол дүүргийн АН-ын хорооны даргад өөрийн хүмүүсээ томилно гэх тохироог хийснээр АН-ын тамгыг өгч, Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрчээ.
Харин тохирсон ёсоор С.Эрдэнэ АН-ын дэд даргаар Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн даргаар Ц.Уртнасан, Архангай аймгийн АН-ын хорооны даргаар В.Мөнхбат, Баянгол дүүргийн АН-ын хорооны даргаар Г.Энхболд нарын өөрийн хамаарал бүхий хүмүүсээ томилох гэж байгаа гэх яриа АН дотор гарсан байна.
Учир нь Д.Эрдэнэсувд нь С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь менежерээр нь ажилласан, түүний ойрын хүн аж. Харин Ц.Уртнасан нь Капитал банкны хэргээр С.Эрдэнэтэй хамт шалгагдаж буй нэг бол, B.Мөнхбат нь С.Эрдэнийн аавын төрсөн нутаг Архангай аймгийн Хайрхан сумын засаг дарга, Г.Энхболд нь С.Эрдэнийн хүргэн нь ажээ. Товчхондоо, тэрээр АН-ын тамгаа өгсөн тохироондоо өөрийн хамаарал, холбоо бүхий хүмүүсээ томилж, дэргэд нь үлдсэн залуусаа орхиж байгаа бололтой.
-С.ЭРДЭНЭЭС СУРГАМЖ АВСАН АН-ЫН ЗАЛУУС ЗУРГААН ФРАКЦ БАЙГУУЛЖ ЭХЭЛЖЭЭ-
Харин түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтад орно гэх мэдээлэл байгаа ч, саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурал дээрээ Л.Гантөмөр, “хуучин лидерүүдээ жагсаалтад оруулахгүй. Тойрогт очиж өрсөлдөөрэй” гэж мэдэгдсэн байна.
Нөгөө талаар АН дотор шинэ, хуучин нийлсэн есөн фракц үүссэн бөгөөд тус нам энэ тооны дэд даргатай болж магадгүй байгаа аж.
Сонирхуулахад, С.Эрдэнэтэй сүүлийн жил хамт улс төр хийж, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг ч саатуулж байсан Д.Ганбат гишүүн “Хийморь” хэмээх фракц байгуулсан бол, тус намын залуус “Од”, “Морьтон”, “Анчин”, “Хангарьд”, “Опен” зэрэг мөн улс төрийн фракц байгуулжээ. Учир нь намын даргаа нийт гишүүдээсээ сонгож, фракцгүй болох зорилт тавьсан ч нэг хүний ноёлол, дураараа авирлах байдалд хүргэдгийг сайтар ойлгосон АН-ын гишүүд дахин фракцын зохион байгуулалтад орж эхэлсэн нь энэ ажээ.