ШУУРХАЙ: "Их Британийн III Чарльзийг хаан ширээнд залах ёслол"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт оролцохоор өнөөдөр тус улсыг зорино

ШУУРХАЙ: "Их Британийн III Чарльзийг хаан ширээнд залах ёслол"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт оролцохоор өнөөдөр тус улсыг зорино

Их Британийн түүхэнд хамгийн урт хугацаанд төр барьсан Хатан хаан II Элизабет 96 насандаа буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 8 /2022.09.08/-ны өдөр таалал төгссөн. Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэгвэл түүний хүү III Чарльзийг хаан ширээнд залах ёслол энэ сарын 6-ны өдөр  /2023.05.06/ болох гэж байна. 

-ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ ЗГХЭГ-ЫН Д.АМАРБАЯСГАЛАН ГАНЦААРАА ОРОЛЦОНО-

Ёслолд нийт 203 орны 2200 орчим зочин, төлөөлөгч оролцож хүндэтгэл үзүүлэх талаар Вашингтон пост мэдээлжээ. Үүний 100 гаруй нь төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн, сайд, элчин сайдын түвшний албан тушаалтнууд байх аж. Тухайлбал, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нарын тэргүүнтэй төлөөлөл оролцоно гэдгээ мэдэгджээ.

Харин манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт урилгаар оролцож хүндэтгэл үзүүлэхээр өнөөдөр /2023.05.04/ эх орноосоо мордох гэж байна. Мөн Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ганцаараа оролцох аж.

Харин Их Британийн III Чарльзийг хаан ширээнд залах ёслолд оролцох Монгол Улсын төлөөлөгчид хэдэн цагт, ямар онгоцоор Их Британи улсыг зорих талаар албаны хүмүүсээс тодруулахад "тодорхой хариулт өгөхөөс татгалзаж, нууц" гэсэн хариултыг өгч байлаа. 

-ЁСЛОЛД 120 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЗАРЦУУЛНА-

Харин Саудын арабын угсаа залгамжлагч ханхүү, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы эзэн хаан Нарухито нар оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд төлөөлөгчөө оролцуулж баярын мэндчилгээ хүргэнэ гэх мэдээлэл байгаа юм.  III Чарльз нь 73 насандаа ийнхүү Их Британийн хаан болж байна.  

Сонирхуулахад, 70 жилийн өмнө II Элизабетыг хатан хаанаар өргөмжлөхөд дэлхийн өнцөг булан бүрээс 8000 төлөөлөгч оролцож байжээ. Харин энэ удаагийн III Чарльзийг хаан ширээнд залах ёслолд  120 сая ам.долларыг зарцуулах юм байна. Үүнийг зарим иргэд шүүмжилж “Эзэн хааны гэр бүл баян. Хатан хаан II Элизабет 500 сая долларын хөрөнгөтэй байсан. Энэ хөрөнгөө хүүдээ өвлүүлсэн. Хунтайж Чарльз нийт 1,8 тэрбумын хөрөнгөтэй. Улсын орны нөхцөл байдал хүндэрч инфляци тогтмол өсч, ажилчид ажил хаяж байхад ийм их хэмжээний хөрөнгийг III Чарльзийн хаан ширээний ёслолд зарцуулж үрэлгэн зардал гаргах шаардлага бий юу” хэмээн асуудлыг дэвшүүлээд буй аж. Яг өнөөдрийн байдлаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь тус хүндэтгэлийн ёслолд зориулж цэргийн жагсаал болон бусад хэд, хэдэн арга хэмжээнд бэлтгэж байна.