Төрийн нэр хүндийг унагаж байгаа ёс зүйгүй албан тушаалтнуудтай нийтээрээ тэмцэхийг уриалав

Төрийн нэр хүндийг унагаж байгаа ёс зүйгүй албан тушаалтнуудтай нийтээрээ тэмцэхийг уриалав

Монгол төрийн нэр хүнд унаж, төрийн албан хаагчид нийтээрээ ад үзэгдэж байгаа нь цөөхөн хэдэн ёс зүйгүй албан тушаалтнуудаас шалтгаалж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа.

Тэрбээр Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх сургалт, хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ УИХ-аар хэлэлцэн баталж буй Төрийн албаны ёс зүйн тухай хуульд туссан онцлох зохицуулалтуудыг танилцуулсан юм.

Тухайлбал, тус хуулийн хүрээнд төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, бусад төрийн албан хаагчдад нөлөөлөх, шахаж шаардах, дарамтлах зэргээр ёс бус үйлдэл гаргахыг хязгаарлаж байгааг онцолсон. Мөн цөөн зарим албан тушаалтнуудаас болж Монгол төрийн нэр хүнд бүхлээрээ унадаг байдалтай нийтээрээ тэмцэхийг уриалав. Ингэхдээ шинээр батлагдаж буй Төрийн албаны ёс зүйн тухай хуульд туссан байгууллага бүрд Ёс зүйн дэд хороод хараат бусаар ажиллана. Аливаа зөрчлийг төрийн албан хаагчид ёс зүйн хороонд мэдэгдэж, мэдээлэл өгч байх нь чухал. Ингэснээр ёс зүйн хороод нь нэг талаасаа төрийн албан хаагчдыг даргаас хамгаалах хамгаалалт болно гэдгийг онцолсон юм.