УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.03/ хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөж байна.
Засгийн газрын өнгөрсөн сарын 26-ны өдрийн хуралдаанаар доорх хүмүүсийг Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Элчин сайдын томилгоог зөвшилцөх тухай асуудлыг өргөн мэдүүлсэн юм.
Тодруулбал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг;
- Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг;
- Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг тус, тус томилох саналыг хүргүүлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Өнөрболор "Геополитик, эдийн засаг худалдаа зэргээс нь харвал Солонгос бол маш чухал улс. Тэгэхээр Солонгос улстай эдийн засгийн чиглэлд хамтарч ажиллах нь зүйтэй. Солонгост томилох Элчин сайд нь үргэлж олон нийтийн шүүмжлэлд байж ирсэн. Ер нь Элчин сайдад тавих шаардлагыг хэрхэн тавьдаг юм бэ. Мөн хоёр орны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Солонгост амьдарч буй иргэдэд тулгамдаж буй асуудлаар ямар байр, суурьтай ажиллах вэ" гэлээ.
Элчин сайдад нэр дэвшигч Б.Энхбат " 2021 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Солонгос улсад айлчлахдаа стратегийн түншлэл, гадаад харилцааны тунхаглалыг байгуулсан. Хоёр улсын худалдааны нийт барааны эргэлт нэг сая ам доллар, хөрөнгө оруулалт 500 гаруй сая доллар байна. 2022 оны УИХ-ын дарга Ш.Занданшатарын айлчлалаар эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийг байгуулахаар ярилцсан. Энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын тогтвортой гарц нээгдэнэ. Үргэлжлүүлэн Ерөнхий сайдын хийсэн айлчлалаар урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хоёр улсын хамтран хэрэгжүүлэх том төсөлд мөн хамтран ажиллахаар болсон. Хэрвээ би томилогдвол хоёр улсын хооронд аж үйлдвэр, зам тээвэр, барилга хот байгуулалтыг хөгжүүлэхэд ажиллана. Үүнд миний хорь гаруй жил ажилласан ажлын туршлага, Солонгос дэх танилууд буюу компанийн захирлууд болон түншүүд маань томоохон суурь болох байх" гэлээ.
ҮЗЭХ: