УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд Хороо анх хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн салбар, хадгаламж зээлийн хоршоо гэсэн 4 салбар хариуцаж байсан бол холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хэд хэдэн чиг үүрэг нэмэгдсэнээр өнөөдөр нийт 11 салбарын 6000 гаруй зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байна.

Зарим салбарын онцлох ажлаас дурдвал хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчим, T+2 горимыг нэвтрүүлснээр FTSE Russell группээс Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор орсон.

Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлсэн. Хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны зохион байгуулалт, сангийн үйл ажиллагааны зохицуулалтыг уян хатан болгож, биржээр арилжаалагддаг сан /ETF/-ийн зохицуулалтыг бий болгосон.

Мөн арилжаа эрхлэх байгууллагын авдаг хамтын ХОС-ийн нэгж эрх бүртгэх болон жилийн үйлчилгээний хөлсний хэмжээг 50 хувиар бууруулсны зэрэгцээ банкны системд нөлөө бүхий зарим банк олон нийтэд хувьцаагаа амжилттай арилжаалж, төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Хадгаламж, зээлийн хоршоо (шинэчилсэн найруулга)-ны тухай хуулийн төсөл болон Даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байгаагийн зэрэгцээ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Даатгалын салбарын хувьд иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид тендер, зээлийн баталгаанд даатгагчийн баталгаа гаргах боломж бүрдсэн.

Харин банк бус санхүүгийн салбарт Монголын ногоон таксономийн найман ангиллын хүрээнд ногоон зээлийн бүтээгдэхүүн болон санхүүгийн жендерийн үзүүлэлтийн мэдээллийн санг бүрдүүлсэн. Мөн байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн заавар, “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, дээрх байгууллагуудаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг тогтоож өгсөн. Мөнгө угаах теророизмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын АНДМУТБ-ээс зохион байгуулсан “25 дахь удаагийн жилийн уулзалт”-д оролцож зөвлөмжийн хэрэгжилтийг тайлагнаснаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39-ийн үнэлгээ “бүрэн хэрэгжсэн” талаар танилцуулсан юм.

Тайлантай холбоотойгоор Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гишүүн Б.Баттөмөр, Д.Батлут, Ч.Ундрам нар иргэд, аж ахуйн нэгж, бизнесийнхэн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо, итгэх итгэл улам бүр нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Нэг талаар УИХ, Засгийн газраас Монгол Улсын санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд бодлогоор дэмжиж ажилласан.

Нөгөө талаар Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийн дэд бүтцээ хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих чиглэлээр бодлого зохицуулалтын арга хэмжээг зөв авч хэрэгжүүлсний үр дүн гарч байна. Тэр дундаа цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулалтын салбаруудад гарч болзошгүй системийн эрсдэлээ үнэлэх, зохицуулалтын цаг үеэ мэдэрсэн, оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг гаргахад онцгойлон анхаарч ажиллаж чадсан байна гэдгийг онцлон дүгнэсэн юм.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний цахим худалдааны зохицуулалтыг нарийвчлах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, салбарын эдийн засагт үзүүлж буй өгөөжийг тооцож байх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй УИХ-аар батлуулахад анхаарч ажиллах, зах зээлд гарсан ахиц дэвшлээ улам бататгахыг зөвлөлөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.