Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдлаа. Тус хурлаар хэд хэдэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.
Тодруулбал, Бодлогын зөвлөлийн бүтцээ шинэчлэхээс гадна Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооноос санал болгосон Ж.Оюунбаатарын асуудлыг хэлэлцжээ.
Ингээд ҮБХ-ны гишүүдийн 98.75 хувиар Ж.Оюунбаатарыг Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Нэр дэвшигч Ж.Оюунбаатар хэлэхдээ, “Энэ сарын 20-нд миний бие аймгийнхаа намын хороонд өргөдөл гаргаж, нэрээ дэвшүүлсэн. Өнөөдөр албан ёсоор нэр дэвших эрхээ баталгаажууллаа. Өнгөрсөн жил мөн л нөхөн сонгууль зарлагдсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хойшлуулж байсан. Өнөөдөр дахиад л Үндсэн хуулийн цэц хуралдаж байна. Шийдвэр өнөөдөр албан ёсоор гарна. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг бол нөхөн сонгууль болно. Харин эрхтэн дархтнууд байдаг бол сонгууль дахиад л хойшилно” гэлээ.
Сануулахад, МАН-ын Бага хурал маргааш буюу тавдугаар сарын 28-нд болох юм.