Улаанбаатар төмөр замын хөдөлгөөнчид цалингаа инфляцийн түвшинд нийцүүлэн нэмэхийг шаардаж эхэлжээ. Тодруулбал УБТЗ-ын Замын-Үүд өртөөний хөдөлгөөнчид удирдлагууддаа хандан цалингаа инфляцийн түвшинд нийцүүлэн нэмэхийг шаардаж, "Улаан дарцаг" аяныг эхлүүлсэн байна. Тус аянд төмөр замчид нэгдсээр байгаа аж.
Тэгвэл Улаанбаатар төмөр замын ТУЗ-ын гишүүн Б.Цогтгэрэл өөрийн цахим хаягаараа дамжуулан цалинг Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн тарифыг нэмж байж төмөр замчдын цалинг нэмнэ гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр энэ талаар "Уб-Зүүнхараа-Купе том хүн 12,900₮ (4$), Общий том хүн-4,600₮ (1,2$). Энэ бол 2007 онд шинэчлэн тогтоосон зорчигч тээврийн тариф. Үүний өмнө хэзээ үнэ тогтоосныг хэлэхэд хэцүү. Цалингаа нэмэх, тохь тухтай сүүлийн үеийн зорчигчийн вагон авах, иргэдийн шүүмжлээд байгаа хэт хуучин байгааг засч залруулах боломж нь зорчигч тээврийн тарифыг чөлөөлөх юм шүү дээ. 12,900₮-өөр таксигаар бол хэдэн км зорчих вэ. Баруун зүүн 4 замын дунд хүрч чадах билүү. Гэтэл уг үнийг нэмэх болвол иргэд мэдээж эсэргүүцнэ. Гэхдээ одоо бол яалтчгүй цаг ирсээн. 12,900₮ төлөөд 171км зорчих нь үйлчилгээ биш өргөл гэж хэн ч ойлгоно" хэмээжээ.