Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт энэ сарын 09-ны өдөр /2022.09.09/ буюу ирэх Баасан гарагт болно. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох ажээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж буй.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
- БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурна.
- Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
- Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
- Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
- Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.
- 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
- Улсад жилд 20–28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, улс орны эдийн засагт бодит дэмжлэг болно.
- Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.