ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт байрлах Хэрэйдийн Ван ханы ордон буюу Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт археологийн малтлага хийж, гүнзгийрүүлэн судалж байна. Өнгөрсөн оноос Улаанбаатар хотыг тойрсон гол археологийн төслүүдэд түшиглэн гадаадын жуулчдыг татах үзвэрийн газар болгохоор анхны судалгааны ажлыг эхлүүлж байсан юм.
Түргэний балгас – Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг 1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид илрүүлэн 1979 онд гүймэг судалж, судалгааны үр дүнд илрүүлсэн олдворуудад тулгуурлан тус хэрэм нь Кидан улсын үед холбогдох “Түргэний голын балгас” хэмээн бичсэн байдаг. Мөн 2005-2006 онуудад МУИС-НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхим болон Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар бага хэмжээний малтлага судалгаа явуулж, хэрмийн төв дунд орших гол байгууламжийг 400 метр кв талбайгаар цэвэрлэн ил гаргажээ. Малтлагын материал болон дурсгалын байршлыг харгалзан “Туулын Хар Түнэ Орд” буюу Ван ханы ордны туурь мөн хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.
Ийнхүү сүүлд 2021 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс тус дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, тус барилгын хэрэглэгдэхүүн болон илэрсэн олдворуудын дийлэнх нь хэлбэр дүрслэлийн хувьд Буддын уламжлалт хэв загварыг хадгалсан бөгөөд уг байгууламжийг тусгайлан зассан тавцан суурин дээр байгуулсан зэргээс харвал Буддын шашны байгууламж байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн өөр соёлт давхарга бий эсэхийг шалгаж үзэх шаардлагатай ба малтлага судалгаагаар дамжуулан:
- Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших эртний хот суурингийн дурсгал болох “Түргэний голын Кидан балгас” буюу зарим судлаачдын үзэж буйгаар Ван ханы орд-Туулын Хар Түнэ орд хэмээх хэрэмт байгууламжийг тусгайлан судалж, Монголчуудын хот байгуулалтын уламжлал, түүхэн цаг үеийн хамаарлыг нарийвчлан тодруулах;
- Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван хан Тэмүүжинтэй хамт Улиастай, Гачууртад ан ав хийгээд маргааш нь Туулын Хар Түнэ ордон руугаа буцсан гэх зэргээр тэмдэглэгдсэн байдаг. “Туулын Хар Түнэ” ордон болон өмнөх судлаачдын үзсэнчлэн Кидан улсын үед хамаарах бэхлэлт хэрмийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн дагуу малтлага судалгаа хийн, дээж авч байгалийн шинжлэлийн аргаар он цагийг нарийвчлан тогтоох;
- Ван ханы Туулын Хар Түнэ орд гэх байгууламжийн архитектурын онцлог, түүний тусгайлан дэлдсэн суурийн бүтэц, байгуулсан арга, хүрээ хэмжээ, үүрэг зориулалт зэргийг нарийвчлан гаргаж ирэх зорилготой юм.
БОГДЫН МУЗЕЙ, ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДТЭЙ ИЖИЛ СҮМ ХИЙДИЙН БАРИЛГА БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батболд:
“Өв соёлын голомт” түүх археологийн төсөл эхний жилдээ хэрэгжиж байна. Бид энэ оны зургаадугаар сарын сүүлээс эхлэн 45 хоногийн хугацаанд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн бөгөөд соёлт давхаргын хувьд хамгийн эртнийх нь Киданы үе, дараах нь Их Монгол Улсын үе, хожим бурхны шашны дунд дэлгэрэлтийн үед сүм хийд барьж байсан тууриуд илэрсэн. Энэ жилийн хувьд бид голчлон нэгдүгээр барилга болох өндөр довжоотой барилгад малтлага, бага хэмжээний сорилын малтлага хийснээр судалгааны ажил маань амжилттай үргэлжилж байна. Судалгаагаар уг орд нь боржин чулуун суурь бүхий дөрвөн том баганатай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрстэй маш гоёмсог, та бүгдийн мэдэж байгаачлан Богд хааны музей, Эрдэнэ зуу хийдийнхтэй ижил вааран дээвэртэй байгааг харахад сүм хийдийн барилга байсан гэдэг нь тодорхой болсон. Мөн урьдчилсан байдлаар тахилын гол барилга дотор бадмууд суурьтай бурхдын сэнтий олдсон бөгөөд архитекторын хэмжилтийн зураг хийгдэж, үүн дээр тулгуурлаад зургуудыг сэргээх ажил явагдаж байна.